Иргэн Б.Энхмөнх Авлигатай тэмцэх газрын үүдэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандлаа. Тэрээр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нь 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өөрийн хамаарал бүхий этгээдэд 3.5 тэрбум төгрөгийг олгохоор тусгасан асуудал нийгмийн анхааралд ороод байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэсэн үг. Иймээс энэхүү өргөдлийг гаргажээ. Иргэн Б.Энхмөнх: Нэг жишээ хэлэхэд, СХД-ийн "Их засаг кингс" төрөлжсөн ахлах сургуулийн жилийн сургалтын төлбөр, 640 хүүхдийн суудалтай нэг хүүхэд бүрд хувьсах зардал 5.5 сая төгрөг гээд нийт 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн тодотгол батлагдсан тохиолдолд өгөхөөр болсон байж. Энийгээ 50 тэрбум дотор нуугаад Сангийн яамд хүлээлгээд өгсөн. Сангийн сайд С.Мэндсайхан үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байж өчигдрөөс булзааруулж өөр юм хийсэн. Энэ айл ам дөрвүүлээ. Хэчнээн сургууль ажлуулж, жилд олон оюутнаас хэдэн сая төгрөгөөр төлбөр авдаг. Тэдэнд дутаад гачигдаад байгаа юм байхгүй. Монголын төрийн тогоо руу яагаад өнгийв гэдэг асуудал хурцаар хөндөгдөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал яг одоо үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд, УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, АТГ-т шалгагдах ёстой. Дөнгөж сая төрийн тусгай хамгаалалт хүч түрэн орж ирээд бичиг баримт, цаасыг маань булаах гэж оролдлоо. Үндсэндээ монголд шударга ёс ингэж алдагдсан байна. Хэн нэгэн ганцаараа гарч ирээд дуугараахаар хамгийн адгийн хүн болж хувирдгийг өнөөдрийн үйл явдал харууллаа. 10 хамгаалагч гарч ирж дамжлан авч явж байгаагүй мэт болгох ийм нийгэмд амьдарч байна. Монголын ард түмэн ийм хулгайч нартай ясаа цайтал тэмцэх ёстой шүү гэдгийг хэлмээр байна. Бидний нөхөд өнөөдрөөс эхлэн Төрийн ордны баруун хаалган дээрээс Ерөнхий сайд Н.Учралыгогцрох хүртэл суулт зарлана" гэв.