УИХ дахь МАН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагасны дараа 38:30-аараа хуваагдсан. Энэ хуваагдал өнөөдөр ч хэвээр байгаа бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуулиас хойших хоёр жил хүрэхгүй хугацаанд хоёр Засгийн газар, хоёр УИХ-ын даргыг огцруулаад байна.
Намын даргаа шинээр сонгож, Ерөнхий сайдаар томилсон эрх баригч намынхан хэдхэн сарын дараа намын даргынхаа тэргүүлсэн Засгийн газрыг унагахаар санаархаж эхэлжээ. Үүнийгээ ч намын дарга, Ерөнхий сайддаа сануулахын тулд 20 гаруй гишүүн Булганд уулзалт хийсэн гэсэн мессежийг А.Ариунзаяа гишүүнээр ээлжит бус чуулганы эхний өдөр дайлаа. А.Ариунзаяа гишүүн зүгээр нэг үзэл санаа нэгт нөхөд уулзсан гэж яриагүй. Энэ бол намын дарга, Ерөнхий сайддаа хүргэх гэж хэлсэн үг.
УИХ дахь 42 гишүүнтэй сөрөг хүчин нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа энэ үед нам доторх сөрөг хүчин нь уулзалт хийсэн гэдэг мессеж Засгийн газрын хувьд зүгээр орхиж болохгүй асуудал. Учир нь АН-ын 42 гишүүн дээр МАН-ын цөөнх болоод буй 20 гаруй гишүүн нэмэгдэхэд л Засгийн газрыг унагана. Тиймээс МАН эвтэй байх нь намын дарга, Ерөнхий сайдад хэрэгтэй. Нөгөө талаараа огцруулах хэмжээний буюу 50+1 гишүүний кнопыг цуглуулж чадсан бол сөрөг хүчин хэзээ л бол хэзээ Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолын төслөө өргөн барина. Хаврын чуулганаас хойш цуглуулж эхэлсэн гарын үсэг огцруулах хэмжээнд хүрээгүй учраас өнөөдрийг хүртэл өргөн бариагүй байна гэсэн үг.
Харин одоо МАН-ын бүлгийн 38:30 гэсэн тоонд өөрчлөлт орсон. 30-ын талынхнаас намын дарга, Ерөнхий сайдаа дагаж цөөнх тал улам цөөнх болсон гэдэг нь гишүүдийн байр сууринаас тодорхой харагдаж байгаа. Булганд болсон уулзалтад 10 гаруй гишүүн оролцсон бөгөөд Засгийн газрын гишүүнээс Ц.Сандаг-Очир сайд уулзалтад оччихоод хонолгүй тэр өдрөө буцжээ. Харин Хууль зүйн сайд С.Амарсайхан уулзалтад очсон гэж хэлээгүй ч ямар асуудал ярьснаа хэлсэн. Тэрээр "Булганд болсон уулзалтаар Засгийн газрыг огцруулах асуудал огт яриагүй. Төсөв, ардчилал, хүний эрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, эдийн засаг, эрх зүйн асуудлуудын талаар ярилцсан. Тэнд хэн нэгэн хүний асуудлыг яриагүй. Яриагүй асуудлыг ярьсан мэт өөрөө гаргаж ирж, анхаарлын төвд оруулж ирж байна. Засгийн газрын гишүүний хувьд тэнд очоод нэг гишүүнээ яриад явж байдаг цаг үе ч биш" гэсэн юм.