Цаг уурын байгууллагаас ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Энэ хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, зарим өдөр салхи ширүүсэх төлөвтэй байна.
Тодруулбал, өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Харин 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орох төлөвтэй байна. Мөн 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжлэх тул ил задгай байгаа төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Салхи секундэд 3-8 метр байх боловч 11, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим газраар, 12, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Агаарын температурын хувьд шөнөдөө нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ. Дархадын хотгороор -1...-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус байна. Харин Эхийн голын Баянбүрд орчмоор +10...+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байх төлөвтэй. Өдөртөө Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, Их нууруудын хотгороор +22...+27 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна. Харин 14-16-нд агаарын температур нэмэгдэж, нийт нутгаар дулаарах төлөвтэй байна.