Орон нутаг эдийн засгийн эргэлт багатайгаас болж хөдөө амьдрах малчдын тоо буурч, залуу малчид ховордож, хот руу ирэх урсгал улам бүр нэмэгдэж байгаа нь төрийн түвшинд асуудал болж эхэлсэн. Тиймээс 2024 оноос эхлэн Шинэ хоршоо хөдөлгөөнийг хэрэгжүүлж, малчид өөрсдөө анхан шатны үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар зээл олгож эхэлсэн. Нийт 7784 хоршоо 894 тэрбум төгрөгийн зээл авсан бол эргэн төлөлт 99 хувьтай байна. Тодруулбал, энэ оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Монголбанкны мэдээллээр зээлийн эргэн төлөлт 218.8 тэрбум төгрөгт хүрчээ. Малчин хүний хийж буй ажил бүр бизнес болох боломжтой учраас тэдэнд үйлдвэрлэлээ эхлүүлэх хөрөнгийг зээл хэлбэрээр олгосон гэсэн үг. Өнөөдрийн байдлаар үржлийн мал худалдан бойжуулах, борлуулах чиглэлээр 86 малчин, бусад чиглэлээр 53 малчин, нийт 139 зээлдэгч 3.5 тэрбум төгрөгийн үндсэн зээлээ бүрэн хаагаад байна. Энэ бол Шинэ хоршоо хөдөлгөөн “мөнгө тараасан” бус хөдөөд бодит үр өгөөжөө өгсөн гэдгийг харуулж болох нэг тоо.