Б.Отгонтөгс: Төсвийн тодотголд макро эдийн засгийн хамгийн буруу хувилбарыг сонгосон
УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ удаагийн тодотголоор төсвийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танаж, үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын цалин, суурь тэтгэвэр, эрчим хүчний зардлыг нэмэгдүүлэхээр тусгаад буй. Төсвийн орлого эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгөөр тасарсан энэ үед зарлагыг ийнхүү дахин хуваарилж байгаа нь хэр зөв шийдвэр вэ гэсэн асуудал олон нийтийн дунд хөндөгдөж байна. Түүнчлэн инфляц наймдугаар сард 13 хувьд хүрсэн бөгөөд төсвийн тодотголоор нэмэгдэх 1.4 их наяд төгрөгийн зарлага үнийн өсөлтийг улам нэмэгдүүлж, инфляц 18 хувиас давах эрсдэлтэй талаар эдийн засагчид анхааруулж байна. Энэ удаагийн төсвийн тодотголын тооцоо, зарлагын бодлого болон эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн тэнхимийн багш профессор Б.Отгонтөгстэй ярилцлаа.
-Яг одоо УИХ-аар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Таны хувьд энэ төсвийн тодотголыг ерөнхийд нь хэр болсон гэж харж байна вэ?
-Одоогийн нөхцөлд төсвийн тодотгол хийх нь буруу. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн тодотголыг зайлшгүй таван тохиолдолд хийнэ гэж заасан. Энэ удаагийн тодотгол нь 2026 оны төсвийг анх батлахдаа судалгаа багатай, макро эдийн засгийн дунд болон урт хугацааны шинэчлэл өөрчлөлтийг сайн судлаагүй, нухацтай хандаагүйтэй холбоотой. Төсвийн тодотгол дээр жишээ авъя. Судлаач хүний хувьд харахад дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцын түвшинг 6±2 гэж үзэж байгаа. Ингээд үзэхээр инфляцын түвшин 8 эсвэл 4 юм уу 5 байж магадгүй гэсэн үг. Судлаачид энэ дагуу төсвийг тооцож байгаа. Гэтэл Сангийн яамнаас одоо оруулж байгаа төсөл нь эдийн засгийн одоогийн нөхцөл байдлаа тооцоогүй зүйл байгаа юм. Үндэсний статистикийн хороо инфляцын түвшин 13 хувь гэж гаргасан. Харин Сангийн яам үүнээс биш нөгөө л 6 хувиар бодоод гаргачихжээ. Би төсвийн тодотголын тоог буруу хийсэн юм даа гэж бодож байна.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Төсвийн тодотгол хийж буй шалтгаан нь төрийн албан хаагч, багш, эмч нарын цалинг нэмэх, мөн эрчим хүчний зардлыг нэмэгдүүлэх явдал гэж тайлбарлаж байгаа.Орлого тасарсан, инфляц өндөр байгаа энэ үед цалин, тэтгэврийг нэмэх нь эдийн засгийн хувьд хэр зөв шийдвэр вэ?
-Хэрэв цалинг нэмэх байсан бол 2026 оны нэг сараас эсвэл зургаан сарын 1-нээс тооцож явах ёстой байсан. Өнгөрсөн дөрвөн сараас эхлэн төрийн албан хаагчийн цалин болон тэтгэврийг нэмэх талаар ярьсан. Гэхдээ төсвийн орлого дутуу одоогийн нөхцөлд энэ боломжгүй. Тодотголоор нэмэх гэж байгаа мөнгө нь манай улсад ч, Сангийн яамд ч байхгүй. Засгийн газраас үүнийг гурван аргаар олно гэж байгаа.
Нэгд: Төрийн өмчийн эзэмшилд байдаг аж ахуй нэгжүүдээс ялангуяа уул уурхайн компаниудаас мөнгө авна.
Хоёрд: Азийн хөгжлийн банкнаас зээлнэ.
Гуравд: Засгийн газар үнэт цаас гаргаж, зарна.
Эндээс харахад сүүлийн хоёр хэсэг нь гадаад болон дотоод өр. Цаашид Засгийн газрын өр л нэмэгдэх нь нээ. Угаас 2026 оны төсвийн тодотгол дээр макро эдийн засгийн хамгийн буруу хувилбарыг сонгосон. Ийм л тодотгол болж байна.
-Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэх нь өрхийн орлого болон дотоодын эрэлтийг дэмжих эерэг талтай ч инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Судлаачдын хувьд ч инфляц 18 хувьд хүрч болзошгүй талаар сануулж байна. Харин салбарын сайд үүнийг эсэргүүцэж буй. Ер нь энэ хэмжээнд инфляц өсөх эрсдэл хэр бодитой вэ?
-Инфляцыг тооцохдоо хэрэглээний сагсанд байгаа 300 гаруй бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг авч үздэг. Заримынх нь үнэ өссөн, заримынх нь үнэ өөрчлөгдөөгүй байгаа. Тэр бүхний дунджийг аваад 13 хувь гэсэн дүнг гаргасан гэсэн үг. Гэтэл бодитоор иргэдийн хамгийн их хэрэглэдэг барааны үнэ 13 хувиас илүү өссөн. Төсвийн тодотголоор хэрэгжүүлэх 1.5 орчим их наяд төгрөг 9–12 сард бодит эдийн засагт тэтгэвэр, цалингийн нэмэгдэл, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд өгч байгаа татаас маягаар нэмэгдэж орохоор одоо байгаа инфляцын түвшин 13 бус 18-аас дээш хувьд хүргэх аюул гарна. Энэ тохиолдолд цалингаа 100-150 мянган төгрөгөөр нэмж, тэтгэвэр нэмэгдвэл бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өснө. Манайд үнэ нэгэнт өсвөл тэр хэмжээгээр буурдаггүйг бүгд мэдэж байгаа. Буурсан тохиолдлыг нэрлэ гэвэл хүнсний ногоо л байна. Нэрлэсэн цалин өссөн нь хамаагүй. Бодит цалин, бодит орлого унана гэсэн үг. Бараг өмнө нь авч байсан сагсаа авч чадах уу, үгүй юү гэдэгтээ хүрнэ. Тухайлбал, айл өрх одоо авч байгаа үхэр, хонины махаа нэмэгдсэн цалингаараа авч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Ер нь маш хэцүү асуудал тулгарна.
-Төсвийн зарлага сонгуулийн жилүүдэд эдийн засгийн бодит нөхцөлөөс үл хамааран нэмэгддэг хандлага ажиглагддаг. Энэ удаагийн төсөвт ч ийм улс төрийн мөчлөг нөлөөлж байгаа талаар салбарынхан шүүмжилж байна.
-Ер нь макро эдийн засгийн төсвийн зарлага хэсгийг харахад сонгуультай жилүүдэд эрс нэмэгддэг. Тухайн жилд нь айхтар байгалийн гамшиг болоогүй байхад өсдөг. Бүр зуд болсон жил нь өсөөгүй мөртлөө сонгуулийн жил нь өсдөг төсөвтэй олон жил явж ирлээ. Уг нь улсын төсөв гэдэг улс төрийн зорилготой бус иргэдийн амьжиргааны түвшин, үнийг тогтмол барих бодлоготой байх ёстой. Гэтэл улс төрийн бодлого болж байгаа нь тун харамсалтай. 2027, 2028 онд томоохон хоёр сонгууль болно. Энэ үед ч тэр зүйл давтагдах байх. Сонгуулийн жилүүдэд төсвөө 3.4 их наяд, 5 их наяд, 7.8 их наяд, 10 их наядаар тэлээд байхад инфляцын түвшин ингэж өсөж, иргэдийн худалдан авах чадвар буурах нь аргагүй юм.