АНУ-ын Флорида мужийн Майами хотын олон улсын нисэх буудалд Амазоны ачааны онгоц буух үедээ нислэгийн зурвасыг давж гарч, хэд хэдэн автомашинтай мөргөлдөн осолдсоны улмаас таван хүн амиа алджээ. Мөн таван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Орон нутгийн гал түймэр, аврах албаны мэдээлснээр, ослын улмаас онгоц шатаж, ослын газарт өтгөн хар утаа тархжээ. Гэмтсэн таван хүний гурав нь хүнд гэмтэлтэй байгаа бол хоёр хүнийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Онгоц мөргөсөн автомашинуудад зарим хохирогч түгжигдсэн байсан бөгөөд аврагчид тэднийг гаргаж авчээ.
Осолдсон онгоц нь 32 жилийн настай Boeing 767 бөгөөд Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотоос Майами чиглэлд нислэг үйлдэж байжээ. Тус онгоцыг Амазоны ачаа тээврийн нислэгийг гүйцэтгэдэг 21 Air компани ажиллуулж байсан байна.
АНУ-ын холбооны нисэхийн захиргааны мэдээлснээр онгоц орон нутгийн цагаар 14:00 орчимд газардах үедээ 9000 гаруй фут урттай 30-р зурвасыг давж гарсан байна. Нислэг хянах Flightradar24 системийн мэдээллээр онгоц зурвасын ашиглагдах хэсгээс гарах үедээ цагт ойролцоогоор 130 миль буюу 209 км/цагийн хурдтай байжээ.
Одоогоор онгоц яагаад зогсож чадалгүй зурвасаас гарсан нь тодорхойгүй байгаа ба нислэгийн удирдлагын радио харилцаанд хийсэн шалгалтаар нисгэгчид газардах явцын өмнө онцгой нөхцөл үүссэн талаар мэдэгдээгүй нь тогтоогджээ.