Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины дайн өвлийн улиралд ч үргэлжилж болзошгүй гэж мэдэгдлээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нартай Киевт уулзсаны дараа ийнхүү мэдэгдсэн байна.АНУ-ын төлөөлөгчид Орост айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаны дараа Киевт ирж, Украины талтай хэдэн цагийн турш хаалттай хэлэлцээ хийжээ. Виткофф уулзалтыг чухал, үр дүнтэй болсон хэмээн үнэлж, хэлэлцээний явцад тодорхой ахиц гарсан гэж мэдэгдсэн байна.Харин Зеленский Украины хувьд Орос дахин түрэмгийлэл үйлдэх боломжгүй, шударга бөгөөд тогтвортой энх тайван байгуулах нь гол зорилго гэдгийг онцолжээ. Түүнчлэн цаашид Украин, АНУ, Европын төлөөлөгчид хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон бөгөөд Орос, АНУ, Украины гурван талт уулзалт хийх шаардлагатайг илэрхийлсэн байна.Зеленский хэрэв дайн өвөл хүртэл үргэлжилбэл Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем болон эрчим хүчний салбарын дэмжлэг нэн шаардлагатай болно гэж мэдэгджээ. Тус улс Оросын баллистик пуужингийн довтолгоог няцаахад АНУ-д үйлдвэрлэсэн Patriot системд ихээхэн түшиглэдэг боловч АНУ-ын пуужингийн нөөц хязгаарлагдмал байгаа аж.ОХУ өвлийн улиралд Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх тактик өмнө нь ашиглаж байсан тул энэ өвөл эрчим хүчний системийг хамгаалах нь Киевийн гол асуудлуудын нэг болж байна.