Оюу толгой уурхайд өчигдөр цахилгааны гэмтэл гарсны улмаас гүний уурхайд ажиллаж байсан 60 гаруй хүн өргүүрийн лифтэнд гацсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Оюу толгой компанийн зүгээс тодруулга мэдээлэл гаргасан байна. Цахилгааны хуурай салгуурын шугам хооронд шувуу орж, богино залгаа үүссэнээр уурхайн зарим хэсгийн цахилгаан тасалдсан байна. Улмаар гэмтлийг шуурхай засварлаж, зургаан цаг гаруйны дараа доголдсон цахилгааныг сэргээжээ. Өргүүрт байсан 61 иргэнийг ямар нэгэн аюул осолгүй гадаргуу руу гаргасан байна. Оюу толгой компанийн тодруулга: Тухайн өдрийн 18:10 цагт уурхайн талбар дахь цахилгааны хуурай салгуурын шугам хооронд шувуу орж, богино залгаа үүссэнээр цахилгааны шугамын автомат хамгаалалт ажиллаж, уурхайн зарим хэсэгт цахилгааны доголдол үүссэн. Улмаар гүний уурхайгаас гадарга руу ажилтнуудыг зөөвөрлөдөг өргүүрийн аюулгүйн шаталсан систем идэвхжиж, өргүүр зогсож саатсан ба ажиллагааг сэргээхэд хугацаа шаардагдсан. Уурхайн холбогдох багууд нягт уялдаатай ажиллаж, өргүүрт байсан 61 ажилтныг тухайн оройн 23:57 цагт гадарга руу аюулгүй бөгөөд бэртэл гэмтэлгүй гаргасан. Өргүүр зогссон хугацаанд агаарын урсгал хэвийн байсан бөгөөд ажилтнуудтайгаа байнгын холбоо харилцаатай байж, тогтмол хяналт тавьж ажилласан.