АНУ Ираны нутаг дэвсгэрт ээлжит цохилт өгсний дараа Иран хариу цохилт хийж, Иордан, Бахрейн, Кувейт рүү баллистик пуужин болон дрон харвасан байна. Ингэснээр долоо хоногийн хугацаанд харьцангуй нам гүм байсан АНУ, Ираны мөргөлдөөн дахин хурцдав.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран хариу цохилт өгвөл манайх өмнөхөөсөө илүү хүчтэй, өндөр түвшинд цохилт өгөхийг анхааруулсан ч Иран АНУ-ын бүс нутаг дахь цэргийн объектуудыг онилсон ажээ.Ираны Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, АНУ-ын цохилтын улмаас тус улсын хэд хэдэн мужид 18 хүн амиа алдаж, 108 хүн шархадсан байна. Ираны талын мэдээллээр өмнөд хэсгийн нэгэн тосгонд хуримын ёслол болж байсан барилгад цохилтын хэлтэрхий унаснаар том хүн, хүүхэд зэрэг дөрвөн хүн амиа алдсан байна. Үүнийг АНУ-ын арми энгийн иргэдийг зориудаар онилдоггүй гэж мэдэгджээ.Харин АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, энэ удаагийн цохилтоор Ираны Хувьсгалт гвардийн агаарын довтолгооноос хамгаалах систем, радар, далайн цэргийн хэрэгсэл, холбооны байгууламж болон мина байрлуулах чадавхтай холбоотой объектуудыг онилсон байна.