Сурвалжилга: Албадан эмчилгээний төвийн хаалганы цаадах амьдрал
Сурвалжилга: Албадан эмчилгээний төвийн хаалганы цаадах амьдрал
Нийтэлсэн 2026 оны 9 сарын 3
Манай сурвалжлах баг Төв аймгийн Баян суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх төвд очиж, эмчилгээ, үйлчилгээ, орчин нөхцөл болон тус төвд тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус төвд согтуурах донтой 58, мансуурах донтой гурван хүн албадан эмчилгээ хийлгэж байна. Жилд дунджаар 400-500 хүнийг хүлээн авч эмчилгээнд хамруулдаг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5197 хүн хэвтэн эмчлүүлж, 3805 хүн архины хамаарлаас гарчээ.
Тус төвийн үйл ажиллагааны түүх 1961 оноос эхтэй. Тухайн үед БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 13 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Хөдөлмөр хүмүүжлийн бригад” нэртэйгээр Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяалалд байгуулж байжээ. Харин Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 148 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд шилжүүлсэн байна. Улмаар 2003 онд Төв аймгийн Баян сум дахь одоогийн байршилд нүүн иржээ.
Тус төвд албадан эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь 30-50 насныхан бөгөөд нийт үйлчлүүлэгчдийн 73.3 хувийг эзэлж байна. Боловсролын түвшнийг авч үзвэл 73.8 хувь нь бүрэн болон бүрэн дунд боловсролтой бол 10.5 хувь нь орон гэргүй иргэд байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа албадан эмчлүүлж буй хүнийг 3-6 сар, давтан эмчлүүлэгчийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаанд албадан эмчилгээнд хамруулдаг. Энэ хугацаанд шүүхийн шийдвэрийн дагуу эмчлүүлж буй иргэдэд архины хордлого тайлах, архины дуршил бууруулах, архийг зохихгүй болгох болон шинж тэмдгийн эмчилгээ хийхээс гадна сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Ингээд бид тус төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, эмчилгээний явц, өвчтөнүүдийн орчин нөхцөл ямар байгаа болон эмчилгээний дараах үр дүн, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь тодрууллаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: Архины сан бол архи, согтууруулах ундааны хэрэглээний эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд зарцуулагдах ёстой хөрөнгө. Тухайлбал, архи импортолдог болон үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдээс нэг литр архи тутамд 300 төгрөг төвлөрүүлэх зохицуулалттай. Энэ сан байгуулагдсан цагаасаа хойш нийт 18 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт төвлөрсөн. Энэ хөрөнгийг төсөв, хууль тогтоомжтой уялдуулж, Улсын Их Хурлаар баталсан зохицуулалтын дагуу зарцуулдаг. Гэхдээ нөгөө талдаа анхаарах ёстой нэг чухал асуудал бий.
Манай улсад архины хамааралтай иргэдэд үзүүлэх эмчилгээний стандарт 2004 оноос хойш шинэчлэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, эмчилгээ, үйлчилгээ авч байгаа хүмүүст ямар стандартаар, ямар түвшинд, хэрхэн үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг асуудлыг шинэчилж, тодорхой болгох шаардлагатай. Мөн үйлчилгээг ангилж, салгах хэрэгтэй. Архины болон мансууруулах бодисын хамааралтай хүмүүсийн эмчилгээг нэг дор явуулж, эмчлүүлэгчдийг хольж байгаа нь зөв шийдэл биш. Эдгээрийг тусад нь авч үзэж, тухайн хүний хэрэгцээ, хамаарлын онцлогт тохирсон эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай юм.
Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын дарга, Дэд хурандаа Д.Баярсайхан: Давтан эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд эерэг өөрчлөлт ажиглагдаж байгаа. Одоогоос 10 жилийн өмнө давтан ирж байгаа хүмүүс нийт эмчлүүлэгчдийн 50-60 хувийг эзэлдэг байсан бол өнөөдөр 20-30 хувь болж буурсан. Тиймээс эмчилгээний чанар, үр дүн тодорхой хэмжээнд сайжирч байна гэж бид дүгнэж байгаа. Манай төвд ирж байгаа хүмүүсийн хувьд гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх эрсдэлтэй хүмүүс байдаг. Тиймээс хорооны цагдаагийн тодорхойлолт, эмнэлгийн дүгнэлт зэрэг холбогдох материалд үндэслэн шүүх шийдвэр гаргаж, албадан эмчилгээнд хамруулдаг.
Манай барилга байгууламжийн насжилт 70-80 жил болсон. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хөрөнгө мөнгийг шийдвэрлэж, засварын ажил хийж байгаа. Эмчлүүлэгчдийн байрлах гурван байранд засвар хийж, нэгдүгээр байр маань ашиглалтад орсон. Мөн Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан шийдвэрээр нэг эмчлүүлэгчийн эмчилгээний зардлыг 625 мянган төгрөгөөр баталсан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг эмчлүүлэгчид ногдож байгаа эмчилгээний зардал 70 орчим мянган төгрөг байна. Энэ нь цаашид анхаарч, шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг юм.
Үргэлжлүүлэн тус төвд хэвтэн эмчлүүлж буй иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Эмэгтэйчүүдийн амрах байранд ороход нэг өрөөнд есөн хүн байрлаж байв. Харин дараагийн өрөө нь давтан эмчлүүлж буй эмэгтэйчүүдийнх бөгөөд тавуулаа нэг өрөөнд амарч байв.
Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмчлүүлэгч Отгоо (нэрийг өөрчлөв) Би Увс аймгаас ирсэн. Энд ирэхийн тулд замдаа хоёр хоног явсан. Надтай хамт Увсаас хоёр эмэгтэй ирсэн. Биднийг замд бие засуулахгүй, хоригдлуудтай хамт авч явсан. Шээсээ тэвч гэж хэлж байсан. Тиймээс сэтгэлзүйн хувьд маш хүнд байдалтай энд ирсэн. Энд ирээд 4-5 хонож байна. Аймагтаа тогоочоор ажиллаж байсан. Хорооны цагдаагийн тодорхойлолт, дараа нь шүүхийн шийдвэрээр энд ирсэн. Би 2024 оноос архи ууж эхэлсэн. Аавыгаа алдсанаас хойш архи уудаг болсон. Хамгийн хэцүү байгаа зүйл нь бидэнд энд хэр удаан хугацаанд байхыг огт хэлээгүй. Асуусан ч тодорхой хариу өгдөггүй. Хэдий хугацаанд энд байх вэ гэдгээ мэдэхгүй байх нь сэтгэлзүйн хувьд маш хүнд байна.
Энэ өрөөнд бидэнтэй ярилцсан нэгэн эмэгтэй “Оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлөх хэрэгтэй. Амьдралаа би л авч явдаг байсан. Хүсээгүй байхад маань энд ирүүлсэн болохоор маш хэцүү байна” хэмээн ярьсан юм.
Харин 57 настай, бага ангийн багш мэргэжилтэй нэг эмэгтэй нөхрөө алдсанаас хойш архинд орсон талаараа ярив. Нөхрөө нас барсны дараа гэртээ ганцаараа үлдэх болсон нь архи уухад хүргэж, улмаар хүмүүс гэртээ цуглуулан архи уудаг болсон байна. Тэрээр “Эндээс гарвал дахиж архи уухгүй” хэмээн хэлж, хүү нь одоогоор гадаадаас ирсэн байгаа талаар ярьсан юм. Хүүтэйгээ холбоо барихыг хүсдэг ч тус төвд 14 хоног байж байж нэг хүнтэй утсаар ярих боломжтой байдаг нь түүнд хүндрэлтэй байгааг хэлж байлаа.
Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын өвчтөн Балдан (нэрийг өөрчлөв) Би одоо 52 настай. 20 жилийн өмнөөс архи ууж эхэлсэн. Энэ төвд анх удаагаа ирж эмчлүүлж байгаа бөгөөд ирээд гурван сар болж байна. Энд эмчилгээ маш сайн хийгддэг юм байна. Анх ирэхдээ маш их хордлоготой, бие татаж, хордлого ихтэй байсан. Харин энд эмчлүүлээд одоо биеийн байдал маш сайн болж, бүрэн эмчлэгдээд байна. Би 20 гаруй жил архи уухдаа өөрийгөө өмөөрөөд л “Би архи их уудаггүй, хүсвэл хэзээ ч уухгүй” гэж боддог байсан. Гэтэл эцэст нь ийм байдалд хүрсэн. Архийг бага уусан ч, их уусан ч архины хамааралтай болсон бол архичин гэж хэлж болно. Өөрийгөө архины хамааралтай болсон гэдгээ энд ирээд л ойлгосон.
Архинаас болж миний амьдралд маш олон асуудал үүссэн. Үр хүүхдээ загнаж, эхнэрээ гомдоож, ажил төрөлдөө тогтож чаддаггүй байсан. Харин одоо энд ирж эмчлүүлснээр амьдралаа шинээр, цагаанаас нь эхлүүлнэ гэж бодож байгаа. Цаашдаа тогтсон ажил төрөлтэй болж, өөрийгөө завгүй байлгаж, нэг гарсан дээрээ архинаас бүрэн гарна. Дахиж буруу замаар явахгүй гэж гэр бүлдээ амалсан. Мөн хүрээлэл, найз нөхдөө өөрчилж, амьдралаа зөв авч явна гэж бодож байна.
Манай улсад архины хамааралтай иргэдэд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний стандарт 2004 оноос хойш шинэчлэгдээгүй байна. Тиймээс архины хамааралтай иргэдэд ямар түвшинд, ямар стандартаар, хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлэхийг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгарчээ. Түүнчлэн архи, мансууруулах бодисын хамааралтай иргэдийн эмчилгээг нэг дор явуулж байгаа тогтолцоог өөрчилж, хамаарлын төрөл, тухайн хүний хэрэгцээ, нөхцөл байдалд тохирсон тусламж үйлчилгээг тусад нь үзүүлэх шаардлагатай байна. Судалгаагаар Монгол Улсад архины хамааралтай 140 орчим мянган хүн байгаа ч тэдний ердөө 14 мянга орчим нь ямар нэгэн байдлаар тусламж, үйлчилгээ авч байна. Өөрөөр хэлбэл, архины хамааралтай иргэдийн дийлэнх нь эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй хэвээр байна. Иймээс зөвхөн эмчилгээ хийхээс гадна эмчилгээний дараах нийгэмшил, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлдээ эргэн зохицох боломжийг бүрдүүлэх цогц тогтолцоо шаардлагатай байгаа юм.
Мөн нэг чухал асуудал бол хүний эрхийн асуудал юм. Архины хамааралтай байлаа гээд тухайн хүнийг гэмт хэрэгтэн шиг үзэж болохгүй. Орон нутгаас авчрахдаа хоригдлуудтай хамт тээвэрлэх, эмэгтэйчүүдийн бие засах зэрэг наад захын хэрэгцээг үл хүндэтгэх нь хүний эрхийн үүднээс дахин авч үзэх шаардлагатай асуудал. Эмэгтэй хүн, эх хүнтэй хүнлэг бус харьцаж, бие засах хүсэлтийг нь үл тоож "Шээсээ тэвч" гэж хэлэх нь хүний эрхийн үүднээс байж боломгүй үйлдэл юм. Энд эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн дунд гэр бүлээ авч явдаг, өвчтэй нөхрөө асардаг эмэгтэйчүүд байна. Тиймээс бүх хүнийг нэг ижил хугацаагаар тусгаарлах бус, эмчилгээний үр дүн, тухайн хүний нөхцөл байдал, гэр бүлийн хэрэгцээг харгалзан үздэг уян хатан тогтолцоо шаардлагатай байна. Ялангуяа эмчилгээгээ амжилттай хийлгэж, дахин согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хүсэлтэй иргэдийг заавал гурван сарын хугацаагаар байлгах шаардлагатай эсэхийг эргэн харах хэрэгтэй юм.