Ерөнхий сайд Н.Учралын 9 шийдвэрийн нэг нь ТӨК-иудын захирлуудын түүгээрээ зарцуулдаг их мөнгийг цалин, тэтгэвэр нэмэх, хувийн хэвшлээ дэмжихэд зориулах юм. Энэ мөнгө тэнгэрээс унаагүй, машинаар хэвлээгүй. Эдийн засагт угаасаа урсаж ордог, “ЭрдэнэсТавантолгой” зэрэг компаниудын ноогдол ашиг юм. Ирэх онд ТӨК-иудын ноогдол ашгаас хуримтлагдах нь 3,5 их наяд. Төсвийн тоо нэмэгдэх вий гээд төр өмч хөрөнгөө ард түмэнд зориулж ашиглахгүй, ТӨК-иудын хэдэн захирлын л мэдэх хэрэг гэж орхих юм уу? Угаасаа ТӨК-иудын ноогдол ашгийн 30 хүртэлх хувийг төсөвт төвлөрүүлэх хавар баталсан хуультай. Төрийн өмч ард түмний өмч юм бол иргэндээ үр ашгаа өгөх ёстой.
ТӨК-иудын ноогдол ашгаар эмч нарыг багш нарынхтай адил, хөдөө хөхөрч гадаа ганддаг ч араас төрсөн хүүхэд гэдэг шиг алагчлагдсан байгаль хамгаалагчид, цаг уурчид, соёл спортынхон зэрэг төрийн үйлчилгээний албаныхны цалинг нэгэн жигд 50 хувь нэмнэ. Ахмад настан 534 мянган хүнд 11-р сарын 1-нээс шинээр баталгаат тэтгэвэр олгоход зориулна. ТӨК-иудаас ирэх онд 3,5 их наяд төгрөг буюу тэрбум долларын ноогдол ашиг жижиг дунд хувийн бизнесийн нуруун дээрх татварын ачааг хөнгөлнө. Тэднээс авах байсан татварыг ТӨК-иудын ноогдол ашгаар нөхнө. НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая болгоно. 23 мянган компанийн захирал ,нягтлан сар бүр НӨАТ-ын тайлан гаргах лай арилна. Жилд 2,5 тэрбум хүртэлх орлоготой компани 1 хувийн ашгийн татвар төлнө. Сарын цалингийнх 992 мянга хүртэлх хэсэгт нь ХХОАТ төлөхгүй. Ажил хийдэг хүмүүсийн хармаанд жилд 840 тэрбум төгрөг үлдэнэ.
ТӨК-иудын ноогдол ашиг нэг удаагийн орлого биш. Төрийн өмчит компаниуд ирэх жил анх удаа, ноогдол ашиг өгөөд алга болохгүй. Үгээр наадагсад бус тоо боддог, мэргэжлийн эдийн засагчид, хараат бус шинжээчдийн нотолгоог харъя. “ЭрдэнэсТавантолгой” томорч, дагаад нүүрсний хулгай дэгдээгүй байхад, 10 жилийн өмнө ноогдол ашгийг нь төсөвт бүрэн татан төвлөрүүлдэг байсан. Эдийн засагч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр үүнийг сануулсан. Монгол нэгдмэл улс юм бол хоёр биш нэг л төсөвтэй байх ёстой. Улсын төсвийн орлого 2027 онд 34 их наяд 780 тэрбум байхаар төлөвлөсөн дээр ТӨК-иуд, Оюутолгойн ноогдол ашгийг нэмбэл 41 их наяд орчим болохоор байна. Төсвийн орлого 40 их наяд давчих тул ноогдол ашиг авахгүй ээ гэлтэй биш. Төсөв томрох тул цалин тэтгэвэр нэмж, цахилгаан станцаар яах юм бэ ч гэлтэй биш. Хоёр данстай хүн зөвхөн нэгийг нь ашиглаад, эм тариа, хоол хүнсэндээ дутаад байдаг. Нөгөө дансан нь орлого мөнгө байсаар байтал өөрөө ч үлдэгдэл, хуулгаа мэддэггүй байвал ямар вэ?