Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Оросын Холбооны Улсын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёвтэй уулзаж /2026.09.03/, түлш шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр ярилцлаа.
ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлын нөлөөгөөр дэлхийн түлш, шатахууны зах зээлд тодорхойгүй байдал үүсэж буйтай холбогдуулан ОХУ-ын Засгийн гараас энэ оны дөрөвдүгээр сард нефть бүтээгдэхүүн гадаад улс руу экспортлоход хориг тогтоосон ч хоёр улсын найрсаг харилцаа, эрх зүйн тохиролцооны хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч ирснийг тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газартай ойр хамтран ажиллаж байна. Цаашид ч Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг найдвартай, тасралтгүй хангах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахад онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ. Мөн С.Е.Цивилёв сайд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлэх асуудлыг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулахыг санал болгов.

Роснефть болон Газпром НХН-ийн удирдлагууд Засгийн газрынхаа шийдвэрийн дагуу Монгол Улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлнэ гэдгээ Ерөнхий сайд Н.Учралд илэрхийллээ.
Ерөнхий сайд Н.Учрал геополитикийн нөхцөл байдал төвөгтэй байгаа өнөө үед Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой газрын тосны бүтээгдэхүүнийг хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой нийлүүлж ирсэнд Оросын талд талархал илэрхийлэв.