Монгол Улсын экспортын бараг 90 хувь Хятад руу, импортын дөрөвний нэг орчим ОХУ-аас хамаардаг. Ийм нөхцөлд хоёр хөрштэй харилцах харилцаанд гарсан аливаа зөрчил эдийн засагт шууд нөлөөлөх эрсдэлтэй.Өнгөрсөн наймдугаар сарын дундуур Дорнод аймгийн Матад суманд Хятадын хөрөнгө оруулалттай “Монголиа Фойсон Энержи” компанийн ажилчдын эрх ашигт халдсан хэрэг гарсан. Үүнээс хоёр хоногийн дараа БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлон гүйцэтгэгч Цао Ли Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй уулзаж, Хятадын аж ахуйн нэгж, ажилчдын аюулгүй байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Сонирхолтой нь, энэ үйл явдлын дараа Ганцмод боомтын нүүрс тээвэр огцом буурсан байна.Хятадын нүүрсний салбарын мэдээллээр наймдугаар сарын 10–12-нд Ганцмодоор өдөрт дунджаар 1,379 нүүрс тээврийн автомашин нэвтэрч байсан бол 17–23-нд 590 болж, өмнөх долоо хоногоос 44 хувиар буурчээ. Энэ огцом бууралт наймдугаар сар дуустал үргэлжилсэн байна.