ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар тодруулга авлаа.Тэрээр “Төрийн өмчийн компаниудын шинэчлэлтэй холбоотой асуудлыг би 10-аад жил ярьж байна. Энэ компаниуд дээр улсын төсвөөс гадуур УИХ-аар хэлэлцэгддэггүй, тайлагнадаггүй улсын төсвөөс их мөнгө байдаг. Үүнийг ганц, хоёр захирал шийддэг. Тэнд хэмжээ хязгааргүй авлига хулгай цэцэглэсэн. Тиймээс хууль эрх зүйн хувьд таслан зогсоох ёстой. Өнгөрсөн долдугаар сард УИХ-аар Төрийн өмчийн компанийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн өмчит компаниудын 30-аас доошгүй хувийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж заасан. Нэг компанийн захирал хаалттай, идэж уугаад байсан мөнгийг төсөв дээр авчраад УИХ-аар хэлэлцүүлээд цалин, тэтгэврээ нэмэх л бодлого. Энэ бодлогыг хэрэгжүүлэхээр 30 их наяд байсан төсөв 40 их наяд болж харагдаад байгаа. Монгол Улс шинээр мөнгө хэвлээд байгаа юм биш.Төрийн өмчийн компаниудын захирлуудын зарцуулаад байсан мөнгийг УИХ-аар хэлэлцүүлж, нэгдсэн төсвийн бодлоготой болно. Энэ нь хэд хэдэн сайн үр дүн авчирна. Нэгд, Монгол Улс нэг төсөвтэй болно. Хоёрт, төрийн өмчит компаниудын авлига, хулгайн асуудлыг цэгцэлнэ. Гуравт, төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах нээлттэй засаглалын бодлогыг хэрэгжүүлнэ. Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө 60 их наяд. Энэ хөрөнгө улсын төсөвт орохгүй байна. Жилийн төсөв нь 20 их наяд. Энэ хэмжээний хөрөнгө зарцуулалт УИХ, Засгийн газраар орохгүй төрийн өмчит компаниудын захирлууд шийдээд байна. Тиймээс энэ мөнгийг улсын төсөв дээр аваад УИХ-аар хэлэлцүүлэх л бодлого.