2026 оны төсөвт багш нарын цалинг 50 хувиар нэмэхэд 518,6 тэрбум, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 15 хувиар нэмэхэд 193 тэрбум төгрөг тусгаж байсан. Харин Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдоод буюу өнгөрсөн тавдугаар сараас багш, эмч нарын цалинг 50 хувь нэмэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, 2026 оны батлагдсан төсвөөс давуулж цалинг нэмсэн. Тиймээс УИХ 2026 оны төсвийн тодотголоо яаралтай батлахгүй бол арав, арваннэг, арванхоёрдугаар сард багш, эмч нарын цалинг тавих төсөвгүй болох аж. Учир нь Г.Занданшатарын Засгийн газар багш, эмч нарын цалинг 50 хувиар нэмсэн гээд хоёр шатлалтай цалингийн тогтолцоотой болгож, төсвөө баталсан байсан. Үүнээс шалтгаалж багш, эмч нарын цалин бодит байдал дээр 50 хувь нэмэгдээгүй. Харин Н.Учралын Засгийн газар хоёр шатлалтай болгосон цалинг нэгтгэж 50 хувиар нэмсэн нь батлагдсан төсвөөсөө давах үндэслэл болсон юм. Тиймээс 2026 оны баталсан төсвөөрөө цалингаа тавьж дуусаж байгаа бөгөөд УИХ яаралтай төсвийн тодотголоо батлахгүй бол оны төгсгөлд багш, эмч нарын цалинг тавих төсөвгүй болно. Засгийн газар энэ сарын 20-нд 2026 оны төсвийн тухай хуульд тодотгол хийх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулж төсвийн тодотголоо хэлэлцэх, эсэх шийдвэрийг өнөөдөр даргын дэргэдэх зөвлөлөөр шийдэх аж.