Есдүгээр сарын 1-нээс эхэлж буй 2026-2027 оны хичээлийн шинэ жилд хэд хэдэн томоохон өөрчлөлт орсныг тоймлон хүргэж байна.Дөрвөн улирлын шинэ бүтэцБоловсролын яамнаас хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай болгож зохион байгуулж байна. Нэгдүгээр улирлын хичээл бие даалтын долоо хоногийг оролцуулбал өмнө нь 17 долоо хоног үргэлжилдэг байсан бол хичээлийн жил хэт урт үргэлжилж байгаатай холбогдуулан багш, сурагчид ядрах, төвлөрөл буурах зэргээр нөлөөлж болзошгүй тул 7-9 долоо хоног хичээллээд улирлын амралт таарахаар дөрвөн улирлын зохион байгуулалт хийжээ. Өмнө жил гурван улиралтай байсныг харьцуулбал энэхүү өөрчлөлт хүүхдүүдийн ачааллыг зөв зохицуулах тал дээр анхаарсан шийдэл болсон юм. Фэйсбүүк, групп чатыг хязгаарлавХууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхангийн санаачилгаар есдүгээр сарын 1-ний өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг хязгаарлахаар боллоо. Ингэснээр багш, сурагч, эцэг эхийн хооронд албан бус сувгаар мэдээлэл дамжуулах, шахалт үзүүлэх зэрэг сөрөг үзэгдлийг бууруулах зорилготой юм. Харин сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны цахим платформыг ашиглана. Энэхүү шийдвэр нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах мөн хувийн мэдээллийг хамгаалах зорилготой юм.