COP17 хурлын хүрээнд бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн эрх ашиг, гангийн тэсвэртэй байдал, санхүүжилт, газрын нөхөн сэргээлт, эрүүл хөрс болон хүнсний тогтолцоо зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцсэн. Хурлын хаалтын хэвлэлийн бага хурлаар хэлэлцүүлгийн гол үр дүн, хүрсэн тохиролцоонуудыг танилцуулсан юм.
Газрын доройтлыг бууруулж, цөлжилттэй тэмцэх 5 их наяд төгрөгийн төсөл Монголд хэрэгжихээр гэрээ, санамж бичиг байгууллаа
COP17 талуудын бага хурал амжилттай зохион байгуулагдсан бөгөөд цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд томоохон хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэрээ хэлэлцээрүүд байгуулжээ. Тухайлбал, дэлхий дахинд газрын доройтлыг тэглэх, цөлжилттэй тэмцэх зорилгоор нийт 18 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар болсон байна. Үүнээс Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.доллар буюу ойролцоогоор 5 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулжээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Дэлхийн банктай 100 сая ам.долларын санхүүжилтийн асуудлаар хэлэлцээр хийсэн байна. Мөн уул уурхайн компаниуд 5000 га талбайд заг тарих, газрын нөхөн сэргээлт хийх чиглэлээр 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Үүнээс гадна Монголын Ногоон санхүүгийн корпораци болон ХААН Банктай хамтран 50 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ, хэлэлцээрүүдийг амжилттай байгуулсан байна.
Дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоо ч мөн онцлох үр дүн байлаа. Тухайлбал, “Номин Холдинг” ХХК нь Богдхан ууланд ан амьтдад зориулсан экологийн нүхэн гарц байгуулах 2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ажлыг энэ оноос эхлүүлэхээр болжээ. Мөн хотын дарга нарын хурлын үеэр гэр хорооллын айл өрхийн яндангийн тоог бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, авто зам болон ногоон байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр нийт 400 сая ам.долларын гэрээ, хэлэлцээр байгуулсан байна. Үүнээс гадна Монгол Улсад 863 мегаваттын хүчин чадал бүхий ногоон хиймэл оюуны дата төвийг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүч болон тогтвортой дижитал дэд бүтцийг хослуулсан томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулжээ.
COP17 хурлын ногоон бүсэд дотоодын нийт 53 байгууллага гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлж, нийт 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын боломжийг нээсэн байна. Эдгээр санхүүжилт, хөрөнгө оруулалт нь цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах Монгол Улсын үндсэн зорилттой шууд уялдаж байгаа юм. Мөн байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд нь хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, орон нутаг дахь бизнесийг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар амьжиргааг дээшлүүлэхэд бодитой үр өгөөж авчрах боломжтой гэж үзэж байна.
Гадаад харилцааны сайд, COP17 хурлын Ерөнхийлөгч Б.Батцэцэг: COP17 бага хурлын хүрээнд агуулгын хувьд чухал ач холбогдолтой нийт 14 шийдвэр гарсан. Бага хурлыг даргалагч улсын хувьд холбогдох талууд болон Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллаж, талуудын байр суурийг ойртуулахын тулд анд нөхдийн бүлэг болон албан бус ажлын хэсгүүдийг байгуулж ажилласан. Хэлэлцэх асуудлын хүрээнд байгаль орчны чиглэлээр хэрэгжиж буй конвенцуудын уялдаа холбоо, жендерийн асуудал, иргэний нийгмийн оролцоо зэрэг олон чухал асуудал яригдсан. Мөн яриа хэлэлцээний явцад зарим улс орны зүгээс санал зөрөлдөөнтэй, блоклогдсон хэвээр байсан шилжилт хөдөлгөөний асуудлаар талуудын байр суурийг ойртуулах, бусад шийдвэрүүдэд шаардлагатай асуудлуудыг тусгах чиглэлээр эрчимтэй ажилласан.
Үүнээс гадна бага хурлын хүрээнд зохион байгуулсан өндөр түвшний бусад арга хэмжээтэй холбоотой баримт бичгүүдийг баталсан нийт есөн шийдвэр гарсан. Харин хэлэлцэх асуудлуудаас зөвшилцөлд хүрч чадаагүй, блоклогдсон хэвээр үлдсэн дөрвөн асуудлын шийдвэрийг COP18 бага хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр хойшлуулсан. Бага хурлыг даргалагч улсын үүрэг бол 200 орчим талын зөвшилцлийг бий болгох явдал. Ялангуяа санал зөрөлдөөнтэй, маргаантай асуудлууд дээр талуудын эсрэг байр суурийг ойртуулах, дундын шийдэл олох, боломжит хувилбаруудыг санал болгох, яриа хэлэлцээг тасралтгүй үргэлжлүүлэх нь даргалагч улсын хамгийн чухал үүргийн нэг юм. Энэ хүрээнд бид асуудлуудыг шийдвэрлэх, талуудын зөвшилцлийг хангах зорилгоор анд нөхдийн бүлэг байгуулсан. Тус бүлэгт тив бүрийг төлөөлсөн нийт долоон улсыг оролцуулж, бага хурлыг даргалагч улсад дэмжлэг үзүүлэх, санал зөрөлдөөнтэй асуудлуудаар зөвшилцөлд хүрэхэд туслах чиглэлээр ажиллуулсан юм.
Шороон болон элсэн шуурганы асуудал Монгол Улс төдийгүй Төв Азийн бүс нутагт тулгамдсан асуудал болоод байгаа учраас энэ чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай
Yasmine Fouad
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Жасмин Фуад: Бид Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд ямар алхмууд хийх ёстойгоо, цаашид тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар илүү тодорхой ойлголттой боллоо. COP17-ийн эхний долоо хоног үнэхээр гайхалтай байлаа. Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Дэлхийн өнцөг булан бүрээс бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид, малчдын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон нь маш хүчтэй эхлэл болсон гэж харж байна.
Энэ жил бэлчээр болон бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилтэй давхцаж байгаа нь мөн онцгой ач холбогдолтой байлаа. Маш олон төлөөлөл хоёр өдрийн турш нэг дор цуглаж, өөрсдийн хэрэгцээ, тулгамдсан асуудал, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцаж, дуу хоолойгоо өргөсөн. Энэ үеэр бид COP17-ийн Ерөнхийлөгчид тунхаг баримт бичгээ өргөн барьсан. Талуудын идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааны үр дүнд тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч чадлаа. Хамгийн гол нь цаашид бид хамтдаа урагшлан ажиллах боломж, суурь нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж үзэж байна.
COP17-ийн хэрэгжилтийн хүрээнд бэлчээрийн санаачилга нь цаашид хэрэгжүүлэх гол, тэргүүлэх санаачилгын нэг болж байна. Санхүүжилтийн хувьд одоогийн байдлаар 1.29 тэрбумын эхний санхүүжилтийн дүн яригдаж байгаа нь зөвхөн эхлэл гэж харж байна. Мөн бид тогтвортой хөдөө аж ахуй, эрүүл хүнсний тогтолцоо зэрэг чухал асуудлыг өргөн хүрээнд хэлэлцлээ. Үүнээс гадна шороон болон элсэн шуурганы асуудал Монгол Улс төдийгүй Төв Азийн бүс нутагт тулгамдсан томоохон асуудал болоод байгаа учраас энэ чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцлон ярьсан. Цаашид эдгээр асуудлыг шийдвэрлэхэд төр засгийн оролцооноос гадна хувийн хэвшлийн оролцоо, тэдний санаачилга, хөрөнгө оруулалт, дайчилгаа маш чухал. Тиймээс бид бүх талуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, гаргасан шийдвэр, санаачилгуудаа бодит ажил хэрэг болгохын төлөө хамтдаа урагшлах ёстой.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: Дэлхийн 196 орны төлөөлөл Монгол Улсад 12 хоногийн турш чуулж, газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаар дэлхийн хамтын нийгэмлэг цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон COP17 бага хурал амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хурлын хамгийн чухал үр дүнгийн нэг нь тал хээрийн төлөвлөгөөг талууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагууд өргөнөөр дэмжсэн явдал гэж бид үзэж байна. Цаашид бид бэлчээрийн тогтвортой менежмент, ус болон газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийг шинжлэх ухаан, бодлого, хөрөнгө оруулалттай уялдуулсан санаачилгуудыг тууштай хэрэгжүүлэхээр ажиллана.
Хурлын 12 өдрийн хугацаанд цэнхэр бүсэд 447, ногоон бүсэд 309, нийтдээ 756 арга хэмжээг зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний хүрээнд газрын доройтол, цөлжилт, гангийн асуудал төдийгүй тэдгээрийг шийдвэрлэх арга зам, олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилтийн асуудлыг өргөн хүрээнд хэлэлцлээ.
Судалгаа, тооцооллоор дэлхий нийтийн хэмжээнд газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үздэг. Гэвч өнөөдрийн байдлаар жилд ердөө 77 тэрбум ам.долларын санхүүжилтийг энэ чиглэлд зарцуулж байгаа нь хэрэгцээ, боломжийн хооронд асар их зөрүү байгааг харуулж байна.
Тиймээс COP17 бага хурал зөвхөн санхүүжилтийн асуудлыг хэлэлцээд зогсохгүй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ чиглэлд бодит ахиц гаргах, газрын доройтлыг бууруулахад илүү анхаарч ажилласан нь онцлог байлаа. COP17 талуудын бага хурлын амжилтын нэг илрэл нь цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах чиглэлээр олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлаж, тодорхой гэрээ, хэлэлцээрүүд байгуулсан явдал юм. Тухайлбал, дэлхий нийтийн хэмжээнд газрын доройтлыг тэглэх, цөлжилттэй тэмцэх зорилгоор нийт 18 тэрбум ам.долларын санхүүжилтийн асуудлаар тохиролцсон. Үүнээс Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.доллар буюу ойролцоогоор 5 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ, хэлэлцээр болон санамж бичгүүдийг байгуулсан юм. Цаашид газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон үргэлжлүүлэх, шинжлэх ухаан, бодлого, хөрөнгө оруулалт болон бүх талуудын оролцоог нэгтгэх чухал эхлэл болж байна.