Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.08.31/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан нар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ үеэр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43,6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгасныг онцлон тэмдэглэв.
Мөн хуулийн төслийг дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөлд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш төслийг боловсруулахад хүрээнд тооцох боломжгүй байсан төрийн өмчит компаниудын ноогдол ашгийн нэмэлт орлого, Оюутолгой төслийн ноогдол ашгийн орлого болон орон нутгийн үнэт цаас, урьд оны үлдэгдлээс хамаарсан эх үүсвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн орлогын хэмжээгээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.1.4-д заасан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэн тооцож, энэ тохиолдолд уг нэмэгдлийн хэмжээ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлага хамаарахгүй байх зохицуулалтуудыг тус тус тусгасан гэж байлаа.