Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, 2027 оны улсын төсвийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулиараа есдүгээр сарын 1-ээс өмнө ирэх оны төсвийн хуулиа өргөн мэдүүлэх ёстой.
Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвтэй холбоотой 9 шийдвэр гаргаснаа танилцууллаа.
Тэрээр “Энэ төсвийн тоо, мөр бүрийн ард нэг л амин чухал утга агуулга бий. Монголынхоо баялгийг монголчууддаа хүргэх, эх орныхоо эзэн монгол хүн эрдэнэсийн өгөөжөө хүртэх үндсэн зорилготой юм. Энэ бол сайд нарын урсгал зардлаас 1,4 их наядыг танаж, иргэндээ зориулах төсвийн тодотгол хийх шийдвэрийн шууд үргэлжлэл юм. Энэ бол үнийн өсөлтийн ачааны хүндийг төр өөртөө авч, айл өрх, ард иргэддээ төсвөө өгөх шийдвэр юм.
Нэг. Оюутолгойн ноогдол ашгаа анх удаа Монголдоо авчирна. Монголчууд ноогдол ашгаа хүртэх 20 жилийн дуусаагүй яриаг дуусгана. Оюутолгойн ноогдол ашгийн мөнгө аль нэг яамны хаалганы цаана, хэн нэг албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй. Харин иргэн бүрийн хуримтлалын дансанд, дулааны шинэ станц барихад, арьс шир боловсруулах болон малын эм вакцины үйлдвэрт, 2 боомтыг бүрэн шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөлөө. Оюутолгойн ноогдол ашгаар хаана, юу хийхийг И-Монголиагаар явуулах нээлттэй санал асуулгаар иргэн Та бүхэн эцэслэн шийднэ. Энэ бол Таны мөнгө. Таны мөнгө учраас Та сонгох болно.
Хоёр. ЭрдэнэсТавантолгойн 1072 ширхэг Таны хувьцаа үнэгүй цаас биш. Та хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлж болно, бэлэглэж болно, арилжиж болно. Таны үнэт цаас Таны жинхэнэ өмч болно. “ЭрдэнэсТавантолгой” компанийг нээлттэй компани болгоно. Энэ жишгээр бусад ТӨК-иудын хувьцааг хөрөнгийн биржэд гаргаж, нээлттэй болгоно. Цаасан дээрх өмчийг жинхэнэ ёсоор үнэт өмч болгоно.