COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
Ус бол хамгийн эмзэг сэдэв. Тэр тусмаа говийн бүсэд уул уурхай явуулж байгаагийнхаа хувьд "Оюу толгой" компани энэ асуудлаар хэт үндсэрхэг үзэлтнүүдэд дайруулж, гүтгүүлж ирсэн бөгөөд өнөөдөр ч шинжлэх ухаанд итгэдэггүй, баримт сонирхдоггүй "эх орончид" тэдэн рүү дайрсаар байна. Яг үнэндээ усанд "Оюу толгой" компани маш өндөр хариуцлагатай ханддаг аж. Учир нь тус компани анх ашиглах боломжтой хэмээн зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хоёр дахин бага усыг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаагаа аж. Цаашлаад, 2013 оноос 234 тэрбум төгрөгийг ус ашигласны төлбөрт төлжээ. Ашиглаж байгаа усны дахин ашиглалт нь 86 хувиас буудаггүй буюу өндөр хэмнэлттэйгээр ашигладаг. Гэсэн нь манай иргэдийн сэтгэл ханадаггүй, гүний усыг юу ч үгүй болгож, үнэгүй ашиглаад дууслаа хэмээн гүтгэж, харлуулсаар байдаг.
Бодит байдал дээр юу хийсэн хоёр жишээг энд татъя.
Говьд ус хуримтлуулна гэдэг тэмээн дээрээс будаа түүх шиг бүтэшгүй ажил. Жилд орж байгаа хур тунадаснаас нь 28 дахин их ус ууршиж байдаг энэ эмзэг нөхцөлд тус компани ус хуримтлуулах шинэ технологийг туршиж эхэлжээ. Энэ нь элсэн далан байгуулж, түүндээ ус хуримтлуулах төсөл аж. Түүнчлэн хур их орохоор үерт эвдрээд бусад цагт нь ус гарахаа больчихдог худгуудад технологийн шинэчлэл хийж, малчид жил тойрон худгаа ашиглах боломжийг бүрдүүлжээ. Ийм технологиор 36 худгийг сайжруулж, Ханбогд сумын 280 худгийн засаж сайжруулсан тухай "Оюу толгой" компанийн Байгаль орчны хэлтсийн Ахлах гидрогеологич Б.Батдэмбэрэл COP17 хурлын үеэр танилцуулсан. Хамгийн гол төсөл нь гүний усны нөөцийг нэмэгдүүлэх, чанарын судалгаа хийх ажил юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Тэгвэл Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлын үеэр уг санаачилгаа шинжлэх ухаан, инновац болон усны нөөцийн хамтын удирдлагад тулгуурлан Монгол Улсын урт хугацааны усны тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэн ажиллахаа Оюу толгой амласан юм. Мөн хурын ус хуримтлуулах замаар нуур болон бусад гадаргын усны экосистемийг сэргээх боломжуудыг судалж, туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх аж.
Энэ тухай "Рио Тинто" компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон "Эдгээр ажил нь "Рио Тинто"-ийн Монгол Улс дахь бат бөх түншлэл, "Оюу толгой"-оор дамжуулан ирээдүй хойч үедээ үлдэх үнэ цэнийг бүтээх нийтлэг зорилгын илэрхийлэл юм.
Бид эрчим хүчний шилжилтийг урагшлуулж, газар нутаг, ус байгалиа хамгаалан хадгалахад дэмжлэг үзүүлэн, улс орны хэмжээнд үр дүнтэй ажлууд хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Өнөөдөр өгсөн амлалтуудаараа ойрын таван жилд хэмжигдэхүйц үр дүн гарган олон арван жилд үргэлжлэх эерэг өөрчлөлтийн суурийг тавихыг зорьж байна” хэмээн хэлсэн юм.
Энэ бүхнийг олон нийт, малчидтай, төр засгийн байгууллагуудтай ойлголцохгүйгээр хэрэгжүүлэх боломж аль ч цаг үед байхгүй. Тийм ч учраас “Оюу толгой” компани өөрсдийн бодлогоо танилцуулаад хаядаг биш, малчид юу туулж, ямар нөлөөлөлд өртсөн, юу хүсэж байгааг ойлгохын тулд Гурван талт зөвлөл буюу талуудын оролцоотойгоор аливаа ажлыг урагшлуулдаг механизмыг бий болгосон. Улмаар аль улсад уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагаас үл хамаараад техникийн өгөгдлийг нэг ижил хэлээр ойлголцох, нэгдсэн стандартыг мөрдөх, өгөгдөлд үндэслэн шийдвэр гаргах боломжийг олгосон Тайлагналын олон улсын санаачилга (GRI)-ын платформыг нэвтрүүлж ирснийг “Оюу толгой” компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал, орон нутаг хариуцсан ерөнхий менежер Кайл Баколл онцлоод “Уурхайг зөвхөн уурхайн үйл ажиллагааны өнцгөөс харах бус, нийгэмд урт хугацааны, тогтвортой өөрчлөлт хэрхэн бий болгох вэ гэдгийг бид анхаардаг.
Тиймээс уурхайн үйл ажиллагаа дууссанаас хойш ч орон нутгийн иргэд тогтвортой амьдрахын тулд өөрсдөд нь юу хэрэгтэйг өөрсдөө тодорхойлж, ямар дэмжлэг шаардлагатайг хэлэх ёстой” хэмээн хэлсэн.
Эцэст нь, COP17-ийн үеэр зарласан дээрх санаачилгуудын үнэ цэн ирэх жилүүдийн бодит үр дүнгээр хэмжигдэнэ. Хэдэн га газар нөхөн сэргээв, тарьсан модноос хэд нь ургаж үлдэв, говийн усны нөөцөд ямар бодит өөрчлөлт гарав, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бодитоор бий болов уу гэдэг нь хамгийн чухал шалгуур болно.
“Оюу толгой”-н хувьд ч энэ удаагийн COP17 өөрсдийнхөө хийсэн ажлыг танилцуулах индэр байснаас илүүтэй цаашид хэмжигдэхүйц үр дүн гаргах олон нийтийн өмнөх амлалт болон үлдэж байна. Усны нөөцийг хамгаалах, доройтсон газрыг сэргээх, ойг зөвхөн тариад орхих бус ургуулж үлдээх, дотоодын ногоон эрчим хүчний зах зээлийг дэмжих гэсэн эдгээр зорилт бодитоор хэрэгжвэл нэг компанийн байгаль орчны хөтөлбөрөөс давж, Монголын тогтвортой хөгжлийн томоохон жишиг болох боломжтой.
Тиймээс COP17-оос үлдсэн хамгийн чухал зүйл бол ойрын таван жилд Монгол орны байгаль орчинд, газрын доройтолд бодитоор хэмжиж болох үр дүн гаргах хариуцлага юм. Харин тэр үр дүн нь ирээдүйд Монголын говийн ус, ой, газар нутагт үлдэх бодит өвөөр хэмжигдэнэ.