Ерөнхий сайдын 9 шийдвэр: Төсвийн тодотгол уу, амлалтын багц уу
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Төсөвт тодотгол хийх гол шалтгаан нь энэ оны төлөвлөсөн орлого наймдугаар сарын байдлаар 2.4 их наяд төгрөгөөр тасарсан явдал. Засгийн газар 2026 оны төсвийн урсгал зардлаас 1.4 их наяд төгрөг хэмнэхээр төсөл боловсруулснаа мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголын гол логик нь төрийн зардлыг танах, орлого-зарлагын тэнцвэрийг сайжруулахад чиглэх учиртай.
“Сайд нарын урсгал зардлаас 1.4 их наяд төгрөгийг танаж, иргэндээ зориулах шийдвэрийн шууд үргэлжлэл. Үнийн өсөлтийн ачааны хүндийг төр өөртөө авч, айл өрх, ард иргэддээ төсвөө өгөх шийдвэр” гэж Ерөнхий сайд онцолсон.
Мөн төсвийн тодотголтой холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал есөн шийдвэр гаргаж байгаагаа танилцуулав. Гэвч эдгээр шийдвэр нь төсвийн сахилга бат, зардал танахаас илүүтэй нийгмийн халамж, татварын хөнгөлөлт, цалин тэтгэврийн нэмэгдэл болон ирээдүйн томоохон хөрөнгө оруулалтыг амласан шинжтэй байна. Зарим нь 2027 оноос хэрэгжих хууль, зарим нь одоогоор бүрэн шийдэгдээгүй төсөл, мөн ирээдүйд орох боломжтой орлогыг одоо хуваарилах гэж байгаа мэт харагдаж байгаа нь популизм үнэртүүлж байна.
Ерөнхий сайдын есөн шийдвэрийг задлан харъя.
1. Оюу толгойгоос ногдол ашиг авна
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Ерөнхий сайдын шийдвэр: Оюу толгойн ногдол ашгийг анх удаа Монголдоо авчирна. Иргэн бүрийн хуримтлалын данс, дулааны шинэ станц, арьс шир боловсруулах болон малын эм, вакцины үйлдвэр, хоёр боомтын шинэчлэлд зарцуулна. Оюу толгойн ногдол ашгаар хаана, юу хийхийг e-Mongolia-аар явуулах нээлттэй санал асуулгаар иргэд эцэслэн шийднэ. “Энэ бол таны мөнгө. Таны мөнгө учраас та сонгоно” гэж Ерөнхий сайд мэдэгдэв.
Тайлбар: Оюу толгойн ногдол ашиг хэзээ, хэдий хэмжээтэй Монголд орж ирэх нь одоогоор тодорхой болоогүй. Монголын Засгийн газар болон Рио Тинтой 2026 оны зургадугаар сард хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг өөрчлөхөөр тохиролцож, хувьцаа эзэмшигчдэд хуваарилах мөнгөн урсгалыг урагшлуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон. Гэхдээ яг хэдий хэмжээний ногдол ашиг, хэзээ хуваарилах нь тодорхой болоогүй байна.
2. “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй компани болгоно
Ерөнхий сайдын шийдвэр: “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа үнэгүй цаас биш. Иргэд хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлж, бэлэглэж, арилжиж болно. “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй компани болгож, бусад төрийн өмчит компаниудын хувьцааг ч хөрөнгийн биржид гаргана гэж мэдэгдэв.
Тайлбар: Энэ нь олон жил яригдсан асуудал. “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажил 2026 онд эхэлсэн бөгөөд Монголын хөрөнгийн бирж, BDO компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Гэхдээ хэзээ IPO гаргаж, иргэдийн 1072 хувьцаа бодитоор арилжаалагдах нь тодорхойгүй байна.
Ерөнхий сайдын шийдвэр: Цалингийн 792 мянган төгрөг хүртэлх хэмжээнд хувь хүний орлогын албан татвар төлөхгүй. Ингэснээр хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. Жилд 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай компани 1 хувийн татвар төлнө. НӨАТ төлөгчийн босгыг 50 саяас 400 сая төгрөг болгоно. Ингэснээр 23 мянган компани сар бүр НӨАТ-ын тайлан гаргах шаардлагагүй болно. Мөн 25 хувийн татварын шатлалыг 15 хувь болгоно.
Тайлбар: Эдгээр нь Татварын багц хуулийн хүрээнд туссан бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр төлөвлөсөн өөрчлөлтүүд. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголоор шууд хэрэгжих шийдвэр биш.
4. Тэтгэврийн зөрүүг арилгана
Ерөнхий сайдын шийдвэр: 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдүүлж, дундаж тэтгэврийг 1 сая 335,400 төгрөг болгоно. 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгана. Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авдаг болно. Мөн 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно.
Ажил хөдөлмөр эрхэлж буй оюутан, залуусыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, эмч нарын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмэх, соёл, спорт, хөдөө аж ахуй, цаг уур, байгаль хамгаалагч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэхээр мэдэгдэв. 2027 оны эхний улиралд төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэхээр төлөвлөжээ.
Тайлбар: Тэтгэвэр, цалинг нэмэх нь үнийн өсөлт өндөр байгаа энэ үед зайлшгүй шаардлага байж болох ч гол асуудал нь санхүүжилтийн эх үүсвэр. Нийгмийн даатгалын сангийн ачаалал өндөр, алдагдалтай ажиллаж байгаа үед тэтгэврийн огцом нэмэгдэл ямар дарамт бий болгох нь анхаарал татна.
5. Зургаан хувийн зээл, 15 хувийн урьдчилгаа
Ерөнхий сайдын шийдвэр: 16 мянган өрх орон сууцтай болно. 14 мянган айл ипотекийн зургаан хувийн зээлд, 2000 айл түрээслээд өмчлөх нөхцөлөөр хамрагдана. Төрийн барьж буй 4000 орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгоно.
Тайлбар: Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгох өөрчлөлт одоогоор журамд бүрэн тусгагдаагүй. Монголбанк болон Барилга, орон сууцжуулалтын яам журмын өөрчлөлтийг хэлэлцэж байгаа. Тиймээс энэ нь одоогоор хэрэгжсэн шийдвэр бус, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого юм.
Ерөнхий сайдын шийдвэр: ДЦС-3-ын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны VI цахилгаан станц барина. Мөн олон жил гацсан ДЦС-3 болон 10 аймгийн дулааны станцыг ашиглалтад оруулж, эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй гэж мэдэгдэв.
Тайлбар: ТЭЦ-VI-ийн төсөл одоогоор хэрэгжиж эхлээгүй, шийдвэрийн түвшинд байна. Санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжүүлэгч тал, барилгын хугацаа тодорхойгүй хэвээр. Иймээс эрчим хүчний асуудлыг шийдэх бодит хөрөнгө оруулалт болох эсэх нь санхүүжилтээс шууд хамаарна.
7. 15 дотуур байр, 100 сургууль
Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. 300 ортой 15 дотуур байр барина. Ирэх онд 100 мянган сурагчийг Google-ийн компьютерээр хангаж, 100 сургуулийг Google-ийн лаборатори сургууль болгоно. Мөн 100 сургуулийг уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон сургууль болгоно гэж мэдэгдэв.
Одоогоор улс даяар баригдаж буй 39 эмнэлэг дээр нэмж 34 эмнэлэг барина. Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өдөр тутмын амин чухал эмүүдийг нэмж, ахмадуудад даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг нэг ч төгрөг төлүүлэхгүй олгоно гэж мэдэгдэв.
9. Арван нарны станц барина
Өнөөдөр таван аймагт нарны станц баригдаж байгаа бол ирэх онд дахин 10 нарны станц барина. Цахилгаан машин түргэн цэнэглэх 500 ногоон өртөө байгуулж, 150 км тутамд нэг ногоон өртөө барина. Нарны хавтан, нарны хураагуур, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжид гааль болон онцгой албан татвар ногдуулахгүй байхаар төлөвлөжээ.
Тайлбар: 7, 8, 9 дэх шийдвэрүүд нь үндсэндээ ирэх оны төсвөөр шийдэх асуудлууд. Өөрөөр хэлбэл, 2026 оны төсвийн тодотголын өнөөгийн хүндрэлээс илүү 2027 оны төсвийн зарлага, хөрөнгө оруулалттай холбоотой томоохон зорилтууд юм.
Тодотголын гол асуудал орхигдов
Төсвийн орлого тасарч, төр зардлаа танах шаардлагатай болсон энэ үед Ерөнхий сайд иргэдэд "Татвар бууруулна. Тэтгэвэр нэмнэ. Цалин нэмнэ. Ипотекийн урьдчилгааг бууруулна. Орон сууц барина. Эмнэлэг, сургууль барина. Эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулна. Нарны станц, ногоон өртөө барина. Цаашлаад Оюу толгойн ногдол ашгийг хуваарилна" гэж зарлав.
Харин өнөөдөр ард иргэдийн амьдралд хамгийн их дарамт болж буй махны үнийн өсөлт, шатахууны хомсдолыг хэрхэн шийдвэрлэх, оны эцэст төсвийн орлогыг хэрхэн нөхөх, бизнесүүдийг хэрхэн дэмжиж ажлын байрыг хамгаалах талаар тодорхой шийдэл энэ есөн шийдвэрт харагдсангүй.
Товчхондоо, энэхүү есөн шийдвэрийн дийлэнх нь зардал танах бус, иргэдэд өгөх мөнгө, хөнгөлөлт, ирээдүйн хөрөнгө оруулалтын тухай байлаа. Тиймээс энэ есөн шийдвэр төсвийн тодотголын бодит шийдэл үү, эсвэл иргэдэд таалагдах улс төрийн амлалтын багц уу гэдэг асуулт үлдэж байна. Амлалтын ард ганц асуулт үлдэнэ.