Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд маргааш буюу наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас Хархорины уулзвар орчмын замыг хаана.
Тодруулбал, СХД-ийн 15-р хороо Хар хорины уулзвар, 23-р байрнаас 24-р байрны чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх тул тухайн орчмын авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 30-ны 08:00 цаг хүртэл хаана гэж Замын хөгжлийн газраас мэдээлэв.
Энэ долоо хоногт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын 52 дугаар байрны хойд талын 200 метр авто замыг шинээр тавьж, халуун асфальтбетоноор хучин, замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Нарангийн голын төв замаас хорооны байр хүртэл 3.4 км авто замыг ашиглалтад оруулсан байна.