Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Ирэх сард монгол орны ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дундажийн орчим байх ч баруун өмнөд нутгаар харьцангуй дулаан, төв болон зүүн аймгуудын зарим нутгаар сэрүүн байх төлөвтэй байна. Харин хур тунадас баруун өмнөд хэсгээр бага, төв болон зүүн аймгуудад олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай болон Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр бага орох төлөвтэй.
Сарын эхэн болон сүүлээр ихэнх нутгаар сэрүүсэх бол сарын дунд үеэр дулаарах төлөвтэй байна. Мөн сарын эхний хагаст хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох магадлалтай бөгөөд бороо, цасны өмнө салхи түр зуур ширүүсэж болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар Сэлэнгийн нутаг болон Төв аймгийн зүүн хойд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадас дээрх нутгуудаар ахиу орох төлөвтэй.
Сарын эхэн болон сүүлээр сэрүүсэх бол дунд болон хоёрдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна. Сарын эхний хагаст болон хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох нөхцөл бүрдэх ажээ.