COP17: Оюу толгой байгаль орчны чиглэлд гурван амлалт өглөөCOP17: Оюу толгой байгаль орчны чиглэлд гурван амлалт өглөө
Нийтэлсэн 2026 оны 8 сарын 26
Зургийн тайлбар: Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон COP17-д үг хэлэв
Монгол Улсад болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд уул уурхайн салбарынхан байгаль орчин, ус, газрын доройтлын асуудлаар хэрэгжүүлж буй технологи, шийдлээ танилцууллаа. Мөн цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар амлалт өгөв.
Энэ нь COP-ын түүхэнд уул уурхайн салбарын оролцоог байгаль орчны асуудалтай уялдуулан хэлэлцсэн анхны хэлэлцүүлэг болж байгаагаараа онцлог байв.
Хэлэлцүүлгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нээж үг хэлэхдээ, уул уурхайн салбар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол тулгуурын нэг гэдгийг онцолсон. Харин уул уурхайн салбарын хувьд усны хэрэглээ, уурхайн хаалт, нөхөн сэргээлт, газрын доройтлыг бууруулах асуудалд хариуцлагатай хандах шаардлагатайг хэлэв.
Энэ үеэр Рио Тинто, Эрдэнэс Оюу толгой, Оюу толгой компаниуд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх шилдэг туршлагуудыг нутагшуулах цогц санаачилга бүхий амлалт өглөө.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Хувьцаа эзэмшигчдийнх нь өгсөн амлалт ямар ажлаар хэрэгжих талаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүхээс тодруулсан юм.
-Оюу толгойн хувьцаа эзэмшигчдийн зүгээс COP17-ын хүрээнд ямар амлалт өгсөн бэ?
-COP-ын түүхэнд анх удаа уул уурхайн салбартай холбоотой хэлэлцүүлэг боллоо. Энэ хэлэлцүүлэгт Оюу толгой компанийн хувьцаа эзэмшигч Рио Тинто, Эрдэнэс Оюу толгой компаниуд оролцож, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр амлалт өглөө.
Оюу толгойн хувьд эдгээр амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллана.
Оюу толгой усны хариуцлагатай хэрэглээнд байнга анхаарч ирсэн. Уурхайд ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашиглах технологи, горимыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд ажиллаж байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээ дотоодоос хангах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна.
Монгол Улс цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хүчтэй өртөж байна. Судлаачдын хэлж буйгаар манай улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай явагдаж байна. Өмнөговийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй томоохон уул уурхайн компанийн хувьд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд манлайлах үүрэгтэй гэж бид харж байгаа.
Тиймээс цөлжилт, газрын доройтлын эсрэг гурван үндсэн чиглэлд анхаарч ажиллана.
Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нэг гол шалтгаан нь хүлэмжийн хийн ялгарал. Тиймээс хүлэмжийн хийг бууруулахын тулд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ ногоон болгох чиглэлд уул уурхайн компаниуд манлайлал үзүүлэх ёстой. Оюу толгой Монголын тэргүүлэх компаниудын нэгийн хувьд сэргээгдэх эрчим хүчний худалдан авалтаа нэмэгдүүлнэ.
Хоёрдугаарт, говийн усны нөөцийг хамгаална.
Говийн бүсийн хувьд усны аюулгүй байдал, нөөцийн асуудал хамгийн чухал. Тиймээс зөвхөн өөрсдийн усны хэрэглээг ярихаас илүүтэй говьд аадар борооны усыг хөрсөнд хэрхэн шингээх, гүний усны нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарна. Эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааг бодит ажил болгон хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах чиглэлд үр дүнтэй ажиллана.
Гуравдугаарт, газрын доройтлыг бууруулж, нөхөн сэргээнэ.
Өмнөговьд 5000 га талбайд заган ой бий болгох амлалт өгсөн. Өнгөрсөн долдугаар сараас эхний 100 га талбайд заг тарих ажлыг эхлүүлээд байна. Мөн хангайн бүсэд алтны шороон ордын олборлолтын улмаас эвдэрч, доройтсон 10 мянган га газрыг нөхөн сэргээхээр ажиллаж байна.
-Сэргээгдэх эрчим хүчний хувьд говьд салхи, нарны аль нь илүү тохиромжтой вэ?
-Бүгд тохиромжтой. Говь нутаг нар, салхины эрчим хүчний нөөц сайтай. Энэ хоёр эх үүсвэрийг хослуулах нь бүр ч сайн. Тиймээс дан ганц нэг эх үүсвэрээс хамаарахгүй. Эрчим хүчний худалдан авалтаа төрөлжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ.
-Монгол Улс карбон кредитийн эрх зүйн орчноо бүрдүүлж байна. Энэ чиглэлд Оюу толгой томоохон тоглогч байж болох юм. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, тодорхой ахиц гарч байна. Гэхдээ хууль эрх зүйн орчноос гадна карбон зах зээлийн гол зохицуулалт нь эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогдоно. Монголд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан кредит буюу нийлүүлэлт байгаа ч эрэлт бага байна.
Энэ чиглэлд Оюу толгой манлайлж ажиллана. Эрэлт бий болгож, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан карбон кредитийг олон улсын зах зээлтэй холбох чиглэлд анхаарч ажиллах болно.
“Оюу толгой” компани цөлжилт, газрын доройтлын эсрэг манлайлж ажиллана
С.Мөнхсүх: