Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа.Энд 2006 оноос хойш Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей хамтран археологийн нарийвчилсан судалгааг өнөөг хүртэл хийж байгаа юм.160 дугаартай, нийт 80 м урт, гол байгууламж нь 40х40 м хэмжээтэй, Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна.Үүнтэй дүйцэхүйц хэмжээтэй Хүннүгийн язгууртны булш 14 газарт 6 ш илэрсэн бөгөөд Хүннү гүрний төрийг барьж байсан язгууртны дээд давхарга, тэр дундаа шаньюй нартай холбоотой хэмээн таамаглажээ.6 дагуул булшийг малтсаны дараа үндсэн булшны судалгаа хийж, оршуулгын хэсэг буюу модон бунхны хэсэгт малтлага, судалгаа хийж байна.