Б.Даваадалай: Өмч хувьчлалын бодлого, хөрөнгө босгох томоохон баримт бичгүүдийг УИХ-аар батлуулна
Нийтэлсэн 2026 оны 8 сарын 20
“Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард шийдвэр гаргаж “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн нэрийг өөрчилж “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгож, мөн харьяанд нь байсан 14 компанийг татан буулгасан. Энэ шийдвэр гаргаснаас хойш ямар ажлууд хийгээд байна вэ?
-Төрийн өмчит компаниуд цомхон, үр ашигтай байх ёстой гэж ярьдаг. Бодит шийдвэрийг энэ удаагийн Засгийн газар гаргасан. Манай харьяаны 14 компанийг татан буулгах, заримыг нь нэгтгэх шийдвэр гаргасан. Одоо хууль эрх зүйн процесс нь явж байна. Дийлэнх компанийн үйл ажиллагааг хаагаад, нэгтгэхийг нь нэгтгэсэн. Одоо тэнд ажиллаж байсан хүмүүсийн цалин мөнгө, тэтгэмж бусад асуудлуудыг нь хуулийн хүрээнд шийдэх ажил явж байна. Бид анх төлөвлөхдөө 260 орчим орон тоог оновчтой болгоно гэж байсан. Энэ зөвхөн 14 компани татан буулгаж, нэгтгэж байгаагаас гарч байгаа хэмнэлт биш. Мөн дундын үйлчилгээ нэвтрүүлж байгаа. Компани бүхэн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдгийг зогсоож байгаа. Жижиг төслийн компаниуд бүгд нягтлан, хүний нөөц IT-тай байх шаардлагагүй, нэг компани дээрээ төвлөрүүлээд явъя гэж байгаа. Зургаан компанийг ийм систем рүү оруулж байна. Цаашдаа шат дараатай хийгээд явна.
Түүнчлэн, манайх хөрөнгийн удирдлагын чиглэлээр шинэчлэл хийж байна. Зөвхөн уул уурхайн компанийн толгой компани биш, төрийн өмчийг зөв зохистой удирдах үйл ажиллагааг өргөтгөж байна. Энэ хүрээнд гаднын хөрөнгө оруулалтын компанитай хамтраад дотоодын төрийн өмчийн компанийн зарим хувьцааг багцлаад хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох ажил энэ намрын гол ажил юм.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
-Уул уурхайн томоохон компаниудыг хөрөнгийн зах зээлд гаргах асуудлыг олон жил ярьж байгаа. Тэгвэл энэ удаад хөрөнгийн зах зээлд гаргах ажлыг намраас эхлүүлнэ гэж ойлгож болох уу. Ямар компаниудыг хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж байна вэ?
-Гаднын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтраад дотоодын төрийн өмчит компанийн зарим хувьцааг багцлаад хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгоно. Гаднын хүлээн зөвшөөрөгдсөн засаглалаар төрийн өмчит компаниудын тодорхой хувийг багцлаад хөрөнгө босгоно. Ингэснээр хувьцааг нь гаргаж байгаа компаниудын засаглал, хяналт сайжирна.
УИХ-д өмч хувьчлалын бодлого, хөрөнгө босгох томоохон баримт бичгүүдийг оруулж хэлэлцүүлнэ. Төсөв хэлэлцсэний дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баримт бичгээ УИХ-д оруулна. Тухайн үед ямар компанийн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах вэ гэдэг нь тодорхой болно. Одоогоор эхний үнэлгээг хийж, ямар хөрөнгө оруулалтын банктай хамтарч ажиллах вэ гэдгээ судалж байна. Ингээд ирэх сард аль, аль компаниудыг хөрөнгийн зах зээлд оруулах вэ гэдэг нь тодорхой болно. Ер нь төрийн өмчит компаниудаас хамгийн боломжтой нь “Эрдэнэт үйлдвэр” байна. Ашигт малтмалын тухай хуулиар ч стратегийн ордуудын 10 хувийг хөрөнгийн биржээр арилжаалж олон нийтийн болгох ёстой. Энэ заалт хэрэгжээгүй байгаа. “Эрдэнэт үйлдвэр” IPO гаргах, хөрөнгө татах бэлтгэл хангагдсан. Харин хууль шүүхийн асуудлаа шийдчихвэл IPO гаргана. Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК бий. Одоогоор компанид аудит оруулсан байгаа. Дууссаны дараа үнэлгээ хийнэ. Үнэлгээний дараа хөрөнгийн зах зээл, бусад зүйлээ бүртгүүлээд ирэх оны дундуур гэхэд хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл хангагдана. Одоогийн байдлаар хамгийн боломжтой хоёр компани бол энэ хоёр байна.
-Төрийн өмчийн компанидын санхүүгийн асуудал яригдаад олон жил болж байна. Бараг жилийн төсөвтэй ижил хэмжээний мөнгийг төрийн өмчит компаниуд үр ашиггүй захиран зарцуулдаг гэдэг. Төрийн өмчийг зохистой захиран зарцуулахад, хяналт тавих боломжгүй байдаг юм уу?
-Жижиг гэлтгүй олон жил шүүмжлэл дагуулсан асуудлуудыг шийдээд явж байгаа. Одоо төрийн өмчит компаниуд хотын төвд өндөр түрээстэй оффисст суухгүй. Төрийн өмчийн хорооноос баталсан босго үнээр оффисс түрээслэж сууна. Мөн хувийн хэвшлээс түрээслэхгүй, өөрсдийн байранд суух, хотод олон хүн ажилуулахгүй үйлдвэрийнхээ байрт ажиллуулах гэх мэт асуудлуудыг шийдэж байгаа. Нийгэмд төрийн өмчтэй холбоотой олон шүүмжлэл байдаг. Гэхдээ аль ч оронд төрийн өмч гэж байдаг. Хэмжээндээ бус илүү хяналттай, зөв засаглалтай байх нь чухал. Төрийн өмчит компаниуд ялангуяа уул уурхайн компаниуд ихэнх ачааг үүрч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.
Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой энэ намар нэлээд олон хуулийн өөрчлөлт хийнэ. Мөн наадмаас өмнө баталсан Төрийн өмчийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах олон хуульд өөрчлөлт оруулна. Ер нь энэ намрын чуулганаар төсвийн зарцуулалт, төрийн өмч дээр байгаа хөрөнгө мөнгөнөөс төсөвт дэмжлэг үзүүлэх өөрчлөлт хийнэ. Үүн дээр Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлтэй ажлуудыг хийж байна. Төсөв өргөн барихаар тодорхой болно.
-Төрийн өмчийн компаниудын төсөвт бүрдүүлж байгаа орлого оны эхний найман сарын байдлаар ямар хэмжээнд байна вэ. Эдийн засаг хүнд, төсөв тасрах эрсдэлтэй гээд байгаа?
-Төрийн өмчит уул уурхайн компаниудын орлого харьцангуй сайн байгаа. Яагаад гэхээр зэсийн үнэ өндөр байгаа учраас “Эрдэнэт" үйлдвэр нэлээд сайн ажиллаж, үзүүлэлт ч сайн байна. Манай нэгдлийн хувьд энэ оны эхний хагас жилийн байдлаар есөн их наядын орлого олсон. Монгол Улсын экспортын 70 хувийг нэгдлийн компаниуд хийсэн.
“Эрдэнэс Тавантолгой” компани биет хэмжээгээ нэлээд шахаж ажиллаж байна. Харьцангуй орлого сайн байна. Эдийн засаг бусад салбарт хүнд байгаа байх. Үүнийг гол чирч яваа нь уул уурхайн салбар. Энэ онд ч гэсэн төсөв болон бусад үзүүлэлт дээр уул уурхайн салбар гол ачааг үүрнэ. Бензин, шатахуун ч уул уурхайн салбарт хүндрээгүй. Компаниудтай гэрээ хийгээд, гэрээний дагуу нийлүүлээд явж байгаа. Он дуустал энэ чигээрээ явж чадвал экспортын болон орлогын гүйцэтгэлүүдээ бүрэн хангана. Мөн төсөв болон бусад зүйлүүд дээр дэмжлэгээ үзүүлнэ. Ер нь 2026 онд уул уурхайн компаниуд төсөв болон эдийн засгаа чирч явна гэсэн төсөөлөлтэй байгаа.
-Төрийн өмчийн тухай хуулиар ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс төрийн өмчийн гүйцэтгэх захирлууд, ТУЗ-ийн гишүүд солигдоно гэсэн. Сонгон шалгаруулалт зарлах уу?
-Нэгдүгээрт, мэргэжлийн ТУЗ-тэй болж байгаа. Бүх төрийн өмчит компанийн ТУЗ-ийг ур чадвараар нь үнэлдэг, сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн хороо зохион байгуулаад ТУЗ-ийг шинэчилнэ. Мөн гүйцэтгэх удирдлууд дээр ч сонгон шалгаруулалт зарлана. Энэ бүх зохион байгуулалтыг Төрийн өмчийн хороо хийнэ. Хоёрдугаарт, төрийн өмчийн компаниудыг арилжааны болон нийгмийн шинж чанартай гэж ангилж байгаа.
-Танай нэгдэлд хэдэн компани байгаа вэ. Үүнээс хэд нь ашигтай ажиллаж байна?
-Ашиг үйлдвэрлэдэг л төрийн өмч байх ёстой гэдэг ганцхан шаардлага тавьж байгаа. Гэхдээ мэдээж нийгмийн шинж чанартай төрийн өмчүүд байж болно. Компанийн тоо гэж яривал хоёрдмол агуулгатай юм билээ. Үндсэн том компаниуд гэвэл 10-аад байгаа юм. Охин компани, төслийн компаниудаа нэмэхээр олон харагддаг. Бүгдийг нь оруулаад тооцвол 28 компанитай байна. Үүний 7, 8 нь л үйлдвэрлэл эрхэлдэг, бусад нь төслийн шинжтэй. Тухайлбал, газрын тосны үйлдвэр, Эрдэнэс газ, Ураны төсөл гэх мэт ирээдүйд үр ашиг өгөх төслүүд бий. Энэ компаниуд байх ёстой гэсэн үг. “Чингис хаан баялгийн сан нэгдэл” санхүүжилт татаад буцаагаад төслийн шинжтэй бусад компаниудаа санхжүүжүүлдэг. Цаашдаа төслийн компанийг нэмж байгуулахгүй, харин ч бууруулна.