Зургаан сарын томилолт 16 дахь жилдээ үргэлжилсэн нь
Нийтэлсэн 2026 оны 8 сарын 20
Инженер Л.Цэнд 2010 онд Оюу толгой уурхайд ердөө зургаан сарын хугацаатай ажиллахаар иржээ. Тэр үед зургаан сарын дараа буцна гэж бодож байсан инженер өнөөдөр 16 дахь жилдээ уурхайн цахилгаан хангамжийг хариуцан ажиллаж, 250 хүнтэй баг удирдаж байна.
Лхагвацэрэнгийн Цэнд цахилгааны инженер мэргэжилтэй. Тэрээр 30 гаруй жилийн өмнө ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийг цахилгааны инженер, тэр дундаа реле хамгаалалт, автоматикийн ангийг төгсөж, улсынхаа эрчим хүчний салбарт 13 жил тасралтгүй ажилласан. Оюу толгойд ирэхээсээ өмнө Германы хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Эрчим хүчний хөтөлбөр 1” төслийг удирдаж, Монголын эрчим хүчний салбарт хэд хэдэн шинэ технологи, шийдлийг нэвтрүүлжээ.
Диспетчерийн үндэсний төвийн хяналтын систем, төвийн бүсийн дэд станцуудын тоолуурын заалтыг автоматаар уншиж нэгтгэх систем, Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах 110кВ-ын цагираг системд шилэн кабель бүхий аянгын троссыг анх удаа ашигласан зэрэг ажлыг тэр удирдсан байна. Тэрээр энэхүү туршлага, мөн Оюу толгойн уурхайн цахилгаан хангамжийг хариуцан ажиллаж буй мэдлэг чадвар дээрээ тулгуурлан зөвлөх инженерийн сургалтад хамрагдаж, их сургуулийн эрдэмтэн, докторуудад хийсэн бүтээлийн тайлангаа тавьж, үе шаттай шалгалтуудыг давснаар өнгөрсөн жил Монгол Улсын зөвлөх инженер цол хүртжээ.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Яагаад Оюу толгойг сонгох болов?
Энэ асуултыг инженер Л.Цэндээс хамгийн түрүүнд асуусан.
Тэрээр салбарын ахмад инженерүүдийнхээ зөвлөгөөг дагасан гэдгээ хэлэв. Ахмад үеийнхэн нь “Цэнд ээ, чиний төсөл бэлтгэх, боловсруулах, удирдах чадвартай ярих зүйл алга. Одоо жинхэнэ ажлын фронт дээр туршлагаа нэмэгдүүл” гэснийг дагаад 2010 онд Оюу толгойн туслан гүйцэтгэгч компанид менежерээр ажиллаж эхэлжээ.
Анх зургаан сарын хугацаатай ирсэн ч уурхайн бүтээн байгуулалт тасралтгүй өргөжихийн хэрээр түүний хийх ажил нэмэгдэж, хариуцлага ч томорсоор ирсэн байна. Энэ тухайгаа “Анх зургаан сарын хугацаатай ажиллахаар ирж байсан ч уурхайн бүтээн байгуулалтын тасралтгүй хөгжилтэй зэрэгцэн миний ажиллах хугацаа сунаж, хийх ажил ч ихсэж, одоо ч ажил дуусаагүй явна” гэж тэр инээмсэглэн ярив.
Оюу толгойн бүтээн байгуулалт өргөжихийн хэрээр Л.Цэндийн хариуцлага ч нэмэгджээ. Анх дизель цахилгаан станц, ус цэвэршүүлэх байгууламж, түүхий усны системийн ашиглалт зэрэг дэд бүтцийн гол байгууламжийн засвар үйлчилгээг хариуцаж байсан бол 2017 оноос Оюу толгойн компанийн цахилгаан хангамжийн менежерээр ажиллажээ. Харин 2025 оноос дулааны станц түүний удирдлагад ирснээр өдгөө 250 хүнтэй Эрчим хүчний хэлтсийг удирдаж байна.
Уурхайн амин судас нь эрчим хүч
Оюу толгой томрох тусам түүнийг тэжээх эрчим хүчний хэрэгцээ дагаад өссөн байна. Далд уурхайн бүтээн байгуулалт эхлээгүй байх үед уурхай өдөрт 110-120 МВт орчим чадлын 2-2,5 сая гаруй кВтц эрчим хүчний хэрэглээтэй байсан бол өнөөдөр чадал нь 200 МВт давжээ. Үйлдвэрлэлийн оргил үед буюу 2030 онд чадал 250 МВт болох төлөвтэй.
Гэхдээ хэрэглээ өсөх нь эрчим хүчийг хязгааргүй ашиглана гэсэн үг бас биш. Л.Цэндийн удирдлагад эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлэх баг ажиллаж, үйлдвэрлэлд эрчим хүчний хэмнэлтийг нэвтрүүлэх олон санаа сайжруулалтын ажлуудад оролцдог аж.
Уурхайн хувьд эрчим хүч бол үнэхээр амин судас. Ялангуяа 1300 метрийн гүнд үргэлжилж буй далд уурхайн аюулгүй ажиллагааны үндсэн нөхцөл нь цахилгаан хангамж. Тиймээс цахилгаан тасрах эрсдэлийг зөвхөн “тог тасарлаа” гэж хардаггүй. Уурхайн аль хэсэгт ямар нөлөө үзүүлэхийг урьдчилан тооцож, хэрэглэгчдийг эрэмбэлэн, шаардлагатай үед аваарын дизель генератораас эрчим хүчээр хангах бэлэн төлөвлөгөөтэй ажилладаг байна. Оюу толгойд 38 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай аваарын дизель генераторын систем ажилладаг. Цахилгаан тасарсан тохиолдолд хамгийн түрүүнд далд уурхайн агааржуулалт болон аюулгүй ажиллагаанд шаардлагатай системүүдийг тэжээнэ.
Тиймээс Л.Цэндийн удирддаг баг зөвхөн цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжөө мэдэх нь хангалтгүй гэж тэр үздэг.
“Багийн мэргэжилтнүүдийг зөвхөн өөрсдийн хариуцсан тоног төхөөрөмжөөр хязгаарлахгүй, уурхайн үйлдвэрлэлийн процессыг бүхэлд нь ойлгодог байхыг чухалчилдаг. Далд уурхай, налуу конвейер, агааржуулалтын системүүд, баяжуулах үйлдвэр гээд цахилгаан тасарсан үед ямар үр дагавар гарахыг мэддэг байх ёстой. Манай багийн туршлага, арга барил нь нөгөө багууддаа нөлөөтэй байдаг учраас багаа зөв удирдлагаар хангах нь хамгийн чухал” гэсэн юм.
Түүний хувьд сайн баг гэдэг нь зөвхөн тоног төхөөрөмжөө мэддэг хүмүүс биш, өөрсдийн ажил нь уурхайн нийт үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг ойлгодог мэргэжилтнүүд юм.
Оюу толгойн эрчим хүчийг яагаад өмнөд хөршөөс тэжээдэг вэ?
Энэ бол монголчуудын дунд хамгийн их тавигддаг асуултуудын нэг. Оюу толгой компани өөрөө цахилгаан станц барихгүй, цахилгаанаа импортоор авч байгааг шүүмжлэх хандлага ч бий.
Энэ талаар Л.Цэнд “Оюу толгой 2012 оноос Өвөр Монголын Өөртөө Засах орноос эрчим хүч авах цахилгаан дамжуулах шугамыг холбосон, түүнээс өмнө уурхайн тоноглолуудыг дизель станцаас цахилгаанаар хангадаг байсан. Дотоодоос хангах найдвартай эх үүсвэргүй учраас өнөөдрийг хүртэл эрчим хүчээ импортоор авч байгаа. Оюу толгой дотоодод өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахыг нэн тэргүүнд зорьдог. Эрчим хүчний эх үүсвэрээ хангалттай үйлдвэрлэдэг болбол дотоодоос цахилгаан авахад бэлэн.
Оюу толгой компани 2022 онд Эрчим хүчний яамтай эрчим хүч худалдан авах хэлэлцээр байгуулсан бөгөөд уг гэрээний урьтал нөхцөлүүдийн нэг нь Оюу толгой хүртэлх цахилгаан дамжуулах системийн найдвартай байдлыг дээшлүүлэх явдал юм" гэлээ.
Мөн Оюу толгой Хятадаас цахилгаан шууд худалдан авдаг гэх ойлголтын тухайд гэрээний үүргүүдийн талаар тэр тайлбарлав. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компани Өвөр Монголын Эрчим хүчний компанитай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулдаг. Үүний дараа Оюу толгой тус компанитай цахилгаан худалдан авах гэрээ хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Оюу толгой Хятадаас цахилгаан шууд худалдан авч байгаа бус, Монголын эрчим хүчний компаниар дамжуулан авч байна.
Гэхдээ урт хугацааны зорилго нь Монголдоо үйлдвэрлэсэн эрчим хүчээр Оюу толгойн хэрэгцээг хангах явдал гэдгийг Л.Цэнд онцолсон.
“Зэс-Оюу” дэд станцын цаадах боломж
Оюу толгойд ажиллаж эхэлсэн эхний жилүүдэд Л.Цэндийн өмнө тулгарсан том сорилтын нэг нь Хятадын эрчим хүчний системийн дүрэм, журмыг ойлгож, өөрийн системтэй уялдуулан ажиллах явдал байжээ.
Оюу толгойн цахилгаан хангамж нь Монголд 220 кВ-ын түвшинд Хятадын эрчим хүчний системтэй холбогдсон анхны холболт юм. Харин энэ сард Л.Цэндийн удирдсан “Оюу толгой” компанийн Эрчим хүчний хэлтэс болон төслийн хэлтэс, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Диспетчерийн үндэсний төвтэй хамтран 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийг Өвөр Монголын Эрчим хүчний групп компанийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулж, Улсын комисс хүлээн авав. Ингэснээр төвийн эрчим хүчний системийн ачааллыг 80 МВт-аар бууруулах техникийн бодит боломжийг бүрдүүллээ.
“Зэс-Оюу” дэд станц ашиглалтад орсноор Оюу толгой, Даланзадгад, Цагаан суварга, Тавантолгой гэсэн дөрвөн дэд станцыг импортын цахилгаанаар хангах боломжтой. Төвийн бүсээс эдгээр дэд станцын хэрэглэгчдийг хангадаг чадлыг урдаас импортоор авч байгаа эрчим хүчээр сольж хангах ба бид төвийн бүсээс чөлөөлсөн 80 хүртэлх МВт-ын чадлыг өөр бусад хэрэглэгчдэд хүргэх боломжийг бий болгож байгаа гэж Л.Цэнд тайлбарлав.
Мөн тэрээр “Монголын эрчим хүчний салбарт шинэ хуудас нээж буй “Зэс-Оюу” дэд станцыг байгуулах ажилд анхан шатнаас залуустайгаа хамтраад гар бие оролцсондоо баяртай байна. Ирээдүйд дурсах сайхан түүх болно” гэв. Учир нь “Зэс-Оюу” дэд станц ирээдүйд зөвхөн импортын цахилгаан дамжуулах бус, экспортын чиглэлд ашиглагдах боломжтой. Оюу толгойн энэ хос шугам нэг шугамаараа 300 МВт гаруй чадал дамжуулах чадалтай учир нийт 600 гаруй МВт-ын чадлын урсгалыг дамжуулах бололцоотой юм" гэлээ.
Түүнчлэн, Оюу толгой компани тодорхой байгууллагуудтай салхины эрчим хүчийг ашиглах төсөл дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд төсөл амжилттай хэрэгжвэл Оюу толгойн Төв дэд станцтай холбох ерөнхий төлөвлөгөөтэй ажиллаж байгааг тэрээр хэлэв.
Л.Цэндийн үзэж буйгаар том уурхайн төслүүдийг дотоодын эх үүсвэрээр хангах нь зүйтэй. Ингэснээр бүтээн байгуулалт, үйлдвэрлэлтэй холбоотой өртөг Монголдоо үлдэх боломжтой. Гэхдээ аливаа уурхайд эрчим хүчний найдвартай байдал нэн чухалд тавигддаг бөгөөд үүнийг бодит болгохын тул олон эх үүсвэрээс тэжээгддэг байвал илүү сайн гэдгийг тодотгосон.
“Бид хоёр том эрчим хүчний системийн голд байдаг, жижиг хэрэглээтэй улс. Тиймээс эрчим хүч хангамжийнхаа найдвартай байдлыг төгс болгоё гэвэл хоёр хөрштэйгөө ч тодорхой хэмжээгээр эрчим хүчний харилцаатай байх нь зөв” гэж тэр хэлэв.
16 жилийн хамгийн үнэ цэнтэй үр дүн
Өнгөрсөн 16 жилд Оюу толгойн эрчим хүчний хэрэглээ өсөж, дэд бүтэц өргөжиж, шинэ технологиуд нэвтэрсээр байна. Үүний зэрэгцээ монгол инженерүүд дэлхийн хэмжээний инженерчлэлийн стандартуудыг эх орондоо нутагшуулж, өсөж хөгжиж байна. Дэлхийд дөнгөж нэвтэрч байгаа цахилгаан хангамжийн технологи, төхөөрөмжийг нүдээрээ хараад, гараараа барьж бас засаж байна. Энэ бүхний ард монгол хүнд үлдэж байгаа мэдлэг, ур чадвар дэлхийд үнэлэгдэж эхэлжээ.
Түүнийг анх Оюу толгойд ажиллаж эхлэхэд уурхайн удирдлагын түвшинд гадаад мэргэжилтнүүд олон байсан бол өнөөдөр олон монгол инженер удирдах түвшинд хүрчээ. Тэдний зарим нь Рио Тинто болон дэлхийн бусад уурхайд экспертийн түвшинд ажиллаж, мэдлэг, ур чадвараа үнэлүүлж байна.
Л.Цэнд үүнийг Оюу толгойн Монголд үлдээж буй хамгийн том өгөөжийн нэг гэж онцолсон. Мөн Оюу толгойн туршлагыг Монголын эрчим хүчний салбарт нэвтрүүлэх, ялангуяа дэлхийн түвшний хөрөнгийн удирдлага, засвар үйлчилгээний менежементийн сайн туршлагыг салбарынхандаа хуваалцахад бэлэн гэдгээ хэлж байв.
Одоо түүний дараагийн зорилго ч тодорхой. Оюу толгойн уурхайн цахилгаан хангамжийг улам найдвартай болгохын зэрэгцээ өөрийнх нь ажлыг үргэлжлүүлэх дараагийн үеийн инженер, удирдагч нарыг бэлтгэх.
Зургаан сарын хугацаатай ирсэн инженерийн 16 жилийн томилолт хэзээ дуусахыг тэр мэдэхгүй. Харин нэг өдөр Менежерийн ажлаа хүлээлгэн өгч, “зайгаа тавих” үед түүний оронд зогсох хүмүүс бэлэн байх ёстой гэдгийг мэднэ.
Магадгүй зургаан сарын томилолтын хамгийн урт үргэлжлэл нь энэ юм.