FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино холбооныхоо ерөнхийлөгчид дахин нэр дэвшихээр бэлтгэж буй энэ үедээ Африкийн найман хөлбөмбөгийн холбооны бүрэн дэмжлэгийг авчээ. Жанни Инфантино FIFA-гийн тэмцээнүүдийн арилжааны эрхийн тодорхой хэсгийг хувийн хөрөнгө оруулагчдад шилжүүлж, 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө татах төлөвлөгөөгөө, ДАШТ-ий арилжааны эрхийн 20 хувийг хувийн хөрөнгө оруулагчдад худалдах санал гаргасан нь UEFA, AFC болон CONCACAF-ийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, улмаар Инфантино огцрох шаардлагатай гэсэн байр суурийг тэд илэрхийлсэн юм. Маргаантай байгаа энэ үед Катар, Марокко, Нигер, Конго, Египет, Ливан, Судан, Мавритани улсын хөлбөмбөгийн холбоод Инфантиногийн удирдлагад итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Эдгээрээс дөрвөн холбооны тэргүүн FIFA-гийн Зөвлөлийн гишүүн юм. Африкийн хөлбөмбөгийн холбоо Инфантиног дэмжиж буйгаа илэрхийлсэн ч гишүүн холбоод удирдлагынхаа байр сууриас үл хамааран бие даан санал өгөх тохиолдол байдаг учраас 54 гишүүн холбоо бүгд түүнд санал өгнө гэсэн баталгаа биш юм.FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгууль 2027 оны гуравдугаар сарын 17-нд Мароккод болно. Сонгуульд FIFA-гийн 211 гишүүн холбоо тус бүр нэг санал өгөх бөгөөд Инфантино ганц өрсөлдөгчтэй тохиолдолд ялалт байгуулахын тулд 106 санал авах шаардлагатай.