АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдэж, 3020 төгрөгт хүрэв. Үүний учир нь ОХУ энэ сарын 1-ээс нэг тонн АИ-92 шатахууны үнийг 851 ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна. Суурь үнэ нь нэмэгдэж байгаа учраас шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд үнэ нэмэх асуудлыг илэрхийлж эхэлсэн аж. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ "Засгийн газар АИ-92 автобензиний үнийг чөлөөлөхгүй гэсэн байр суурьтай байгаа" хэмээн онцлов.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: Хүмүүсийн дийлэнх нь хэрэглэгдэг энгийн АИ-92 бензиний дээр үнэ чөлөөтэй байх боломжгүй гэдгийг аж ахуй нэгжүүдтэй ярьж байна. Тодорхой хэмжээний хомсдолд орсон өнөөгийн нөхцөлд бензин хууль бусаар шаглан, дамнаж зарж байна. Энэ тохиолдолд үнэ маш өндөр буюу 4-5 мянган төгрөгт хүрсэн. Үнэ чөлөөтэй байвал эрэлт өсөж нийлүүлэлт бага байгаа энэ үед шатахууны үнэ литр нь 4-5 мянгад хүрнэ. Засгийн газраас чөлөөтэй орхих биш зөвхөн орж ирсэн нэмэгдсэн хэмжээгээр үнээ нэмэх хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байгаа.
Үнийн зөвлөл албан ёсоор хуралдаагүй. Зарим аж ахуй нэгж тодорхой хэмжээний алдагдалтай байна. Иймээс хангамжид анхаарах хэрэгтэй гээд үнээ нэмэгдүүлж байна. Бид 92 төрлийн бүтээгдэхүүний үнийг зах зээлийн горимд нь шилжүүлнэ. Хомсдолд үүссэн үед чөлөөтэй хаяна гэсэн зүйл байхгүй.
Салбарын яамнаас монополийг задалж, зах зээлд олон өрсөлдөгчийг бий болгохын тулд ажиллаж байна. Тухайлбал, 200 аж ахуй нэгж импортын болон бөөний тусгай зөвшөөрөлтэй байна. Энэ бол монополь бий болгож байгаа асуудал огтоос биш. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний гурван сарын нөөц брдүүлэх сав барих төсөл дээр аж ахуй нэгжүүдийг баримт бичгээ бүрдүүлж хөнгөлөлттэй зээлд хамрагдаач ээ гэж урьж байгаа” гэв.