А.Индра: Гормоны найрлагатай нүдний дусаалгыг хяналтгүй хэрэглэвэл нүдний даралт ихсэж, болор цайх эрсдэлтэй
Нийтэлсэн 2026 оны 8 сарын 12
Вива Вишн эмнэлгийн нүдний мэс заслын эмч, нүдний эвэрлэг болор, хараа заслын лазер мэс заслаар мэргэшсэн А.Индратай ярилцлаа. Тэрээр мэргэжлээрээ 10 гаруй жил тогтвортой ажиллаж байгаа юм. -Сүүлийн жилүүдэд монголчууд нүдний хагалгаа, эмчилгээ хийлгэхээр БНСУ зэрэг орон руу зорьж байна. Өнөөдөр Монгол Улсад ямар төрлийн нүдний мэс засал, лазер эмчилгээг дэлхийн жишигт нийцсэн технологиор хийх боломж бүрдээд байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд хараа заслын лазер мэс засал болон болорын мэс засал хийлгэхээр монгол иргэд БНСУ-ыг их зорьж байгаа. Манай эмнэлгийн хувьд нүдний эмчилгээ, мэс заслын шинэ технологи, дэвшилтэт тоног төхөөрөмжүүд нэвтрүүлснээр Өмнөд Солонгост хийлгэдэг байсан олон төрлийн мэс заслыг Монголдоо хийх боломж бүрдүүлээд байна.
Тухайлбал, манай эмнэлэгт 2026 оны зургаадугаар сард Carl Zeiss брэндийн VisuMax 800 аппарат нэвтэрсэн. Энэхүү аппаратаар Солонгос улсад өргөн хийгддэг SMILE Pro хараа заслын лазер мэс заслыг Монголдоо хийж эхэлсэн. Энэ нь харааны гажиг миопи, астигматизм зэрэгийг лазерын аргаар засах орчин үеийн технологи юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Мөн лазер хараа заслын мэс засал хийлгэх боломжгүй хүмүүс байдаг. Тухайлбал, ийм тохиолдолд Солонгос руу явж ICL буюу нүдний дотор линз суулгах мэс засал хийлгэдэг байсан. Харин манай эмнэлэгт IPCL буюу нүдний дотор суулгадаг шинэ төрлийн линзний мэс заслыг нэвтрүүлж, Монголдоо хийх боломжтой болсон. Ингэснээр өмнө нь заавал гадаад руу явж хийлгэдэг байсан зарим төрлийн хараа заслын мэс заслыг эх орондоо хийлгэх нөхцөл бүрдэж байна.
Лазер хараа заслын мэс засал хийлгэх боломжгүй хүмүүсийн хувьд анхаарах шаардлагатай нэг өвчин бол кератоконус юм. Энэ өвчин нь Монгол Улс төдийгүй дэлхий дахинд, ялангуяа залуу хүмүүст тохиолдож байгаа эмгэг юм. Судалгаагаар ойролцоогоор 1000 хүн тутмын 1-5-д тохиолдож болох бөгөөд энэ өвчний үед эвэрлэг бүрхэвч нимгэрч, хэлбэр нь өөрчлөгддөг. Кератоконус үүсэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал, нүд хуурайших, харшлын улмаас нүдээ байнга нухах, мөн удамшлын хүчин зүйлс нөлөөлж болно. Ялангуяа залуусын дунд нүд хуурайших, харшлын шалтгаанаар нүдээ нухах тохиолдол нэмэгдэж байгаа нь анхаарах асуудал юм.
Кератоконус оношлогдсон тохиолдолд хараа заслын лазер мэс засал хийх нь эсрэг заалттай болно. Тиймээс лазер мэс засалд орохын өмнө тухайн хүний эвэрлэг бүрхэвчийн бүтэц, хэлбэрийг нарийн шинжилж, кератоконус байгаа эсэхийг заавал тодорхойлох шаардлагатай. Манай эмнэлэгт нэвтрүүлсэн тоног төхөөрөмжүүдийн нэг давуу тал нь ийм өөрчлөлтийг нарийн оношлох эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтойд оршиж байгаа. Ингэснээр хараа заслын лазер мэс засалд орох боломжтой эсэхийг урьдчилан зөв тодорхойлж, эрсдэлтэй тохиолдолд мэс засал хийхээс зайлсхийх боломж бүрдэнэ.
Мөн кератоконусыг эрт үед нь илрүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийснээр өвчин даамжирч, хараа их хэмжээгээр муудах, цаашлаад хараагаа алдах эрсдэлийг бууруулах боломжтой.
-Танай эмнэлэгт ашиглаж буй оношилгоо, мэс заслын тоног төхөөрөмжүүд ямар давуу талтай вэ. Эдгээр технологи нь хагалгааны нарийвчлал, аюулгүй байдал, эдгэрэлтийн хугацаанд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлана уу?
-Лазерын мэс засал ч бай, болорын мэс засал ч бай хамгийн чухал зүйл нь зөв оношилгоо, мэс заслын өмнөх нарийвчилсан шинжилгээ байдаг. Өөрөөр хэлбэл, хэнд, ямар мэс заслыг, хэзээ хийх вэ гэдгийг зөв тодорхойлох нь мэс заслын үр дүнд хамгийн их нөлөөтэй. Тиймээс бид оношилгоонд ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүддээ маш их анхаарч, дэлхийн жишигт нийцсэн, чанартай, найдвартай брэндийн аппаратуудыг ашиглахыг зорьж байгаа. Тухайлбал, Carl Zeiss брэндийн оношилгооны тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Үүнд нүдний угийн шинжилгээ хийх, мөн нүдний болрын хэмжилт хийх зориулалттай аппаратууд багтдаг. Үүнээс гадна Японы алдартай Tomey брэндийн нүдний эвэрлэгийн бүтэц, хэлбэрийг нарийвчлан шинжлэх, компьютер томографийн шинжилгээ хийх тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа. Мөн авторефрактометр буюу нүдний шилний хэмжээг тодорхойлж, хугарлын өөрчлөлтийг хэмжих зориулалттай Япон брэндийн аппаратыг ашиглаж байна.
Ер нь мэс заслын технологи сайн байхаас гадна оношилгоо маш чухал. Оношилгоо зөв, нарийн байх тусам тухайн хүнд тохирох мэс заслын аргыг зөв сонгож чадна. Тиймээс сайн оношилгоо бол сайн мэс заслын үндэс гэж хэлж болно. Оношилгоо зөв хийгдсэнээр мэс заслын үр дүнг илүү сайн байлгах, болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолох боломжтой.
-Сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа SMILE Pro лазер хагалгааны талаар тайлбарлавал. Энэ технологи бусад лазер хагалгаанаас юугаараа ялгаатай, ямар хүмүүст хамгийн тохиромжтой вэ?
-Хараа заслын лазер мэс заслыг ерөнхийд нь хөгжлийнх нь үе шатаар гурван үе болгон авч үзэж болно.
Нэгдүгээр үеийн мэс засал нь 1987 оноос Германы эрдэмтдийн хөгжүүлж эхэлсэн PRK буюу лазер мэс засал юм. Энэ мэс заслын гол онцлог нь эвэрлэг бүрхэвчид зүслэг хийхгүйгээр лазерын тусламжтайгаар харааг засдагт оршдог.
Хоёрдугаар үеийнх нь LASIK мэс засал. Энэ арга 1980-аад оноос хийгдэж эхэлсэн. Эвэрлэг бүрхэвч дээр лазер эсвэл автомат хутганы тусламжтайгаар нимгэн сөхдөс үүсгэж, дараа нь лазерын тусламжтайгаар эвэрлэгийн хэлбэрийг засаж нимгэрүүлдэг мэс засал юм.
Харин гуравдугаар үеийн хараа заслын лазер мэс засал нь SMILE юм. SMILE мэс засал нь өөрөө SMILE болон SMILE Pro гэсэн төрөлтэй.
SMILE Pro-ийн хувьд хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, манай эмнэлэгт ашиглаж байгаа Carl Zeiss-ийн VisuMax 800 аппаратын лазерын хүч, давтамж болон технологийн шинэчлэл нь илүү дэвшилттэй. Өөрөөр хэлбэл, өмнөх технологитой харьцуулахад лазерын давтамж дөрөв дахин нэмэгдсэнээр лазерын скан нэгэн жигд явагддаг өндөр нарийвчлалтай хувилбар гэж ойлгож болно.
Үүний нэг гол давуу тал нь лазер нүдэнд үйлчлэх хугацаа богиноссон явдал. Энгийн SMILE мэс заслын үед лазерын үйлчлэлийн хугацаа ойролцоогоор 24 секунд байсан бол SMILE Pro-ийн үед 10 секунд болж буурсан. Ингэснээр мэс заслын үйл явц илүү хялбар, хурдан болж, эдгэрэлтийн явцад ч давуу талтай юм.
Мөн эвэрлэгийн эдийн дотор лазераар зүслэг хийх үед зүсэлтийн жигд байдал, нарийвчлал илүү өндөр болсон. Өөрөөр хэлбэл, лазерын зүсэлт илүү нарийн, тогтвортой хийгдэх боломжтой болсон гэсэн үг.
Үүнээс гадна SMILE Pro технологид нэмэгдсэн нэг чухал зүйл нь нүдний хүүхэн харааны төвийг илүү нарийн тогтоох систем юм. Эхлээд аппаратаар тухайн хүний хүүхэн харааны төв яг хаана байгааг нарийн тодорхойлно. Дараа нь оношилгооны явцад гарсан бүх мэдээлэл, үзүүлэлтүүдийг мэс заслын төхөөрөмж рүү шууд дамжуулдаг. Ингэснээр мэс засал хийх үед хүүхэн харааны төвийг оношилгоогоор тогтоосон байрлалтай нь маш нарийн тааруулж, лазерын эмчилгээг хийх боломжтой болдог. Мөн цилиндр шилний өөрчлөлт буюу астигматизмтай хүмүүсийн хувьд хүн бүрийн тэнхлэг харилцан адилгүй байдаг. Тиймээс зөвхөн цилиндрийн хэмжээг тогтоохоос гадна тухайн өөрчлөлт ямар тэнхлэгт байгааг маш зөв тодорхойлох нь чухал. Манай ашиглаж байгаа аппаратын бас нэг давуу тал нь тухайн хүний цилиндрийн шилний тэнхлэгт тааруулан засах боломжтой байдаг.
-Монгол Улс иргэдийнхээ гадаадад өндөр өртгөөр авдаг эмчилгээ, үйлчилгээг эх орондоо нутагшуулах бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд нүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг дотооддоо үзүүлэх нь өвчтөнүүдэд эдийн засаг, цаг хугацаа болон эмчилгээний чанарын хувьд ямар давуу тал авчирч байна вэ?
-Бид зөвхөн хараа заслын лазер мэс заслаар хязгаарлагдахгүй. Нүдний эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгах мэс засал, болорын мэс засал, торлогийн мэс засал, нүдний даралт буюу глаукомын мэс засал, мөн нүдний нөхөн сэргээх гоо сайхны мэс засал зэрэг олон чиглэлээр дэлхийн жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг үзүүлэхийг зорьж, эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар бидний ашиглаж байгаа оношилгооны тоног төхөөрөмжүүд дэлхийн жишигт нийцэж байгаа. Мөн мэс засалд ашигладаг тоног төхөөрөмж, технологиуд ч үе шаттайгаар шинэчлэгдэж, дэлхийн түвшинд хүрч байна. Тиймээс бидний зорилго бол зөвхөн сайн аппараттай болох бус тэр технологийг зөв ашиглаж, дэлхийн жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг Монголдоо үзүүлэх явдал юм.
Ер нь эх орондоо эмчилгээ, мэс засал хийлгэх нь маш олон давуу талтай. Хамгийн наад зах нь хэлний асуудал үүсэхгүй. Гадаад улсад эмчилгээ хийлгэх үед эмчийн хэлж байгаа бүх зүйлийг орчуулагч бүрэн, зөв дамжуулж чадахгүйгээс болж зарим мэдээллийг дутуу эсвэл буруу ойлгох эрсдэл байдаг.
Ялангуяа мэс заслын өмнө эмчтэйгээ зөв ойлголцох, өөрийнхөө нүдний онцлог, мэс заслын арга, гарах үр дүн, болзошгүй эрсдэлийн талаар бүрэн мэдээлэл авах нь маш чухал. Мөн мэс заслын дараах дэглэм, эмчилгээ, анхаарах зүйлсийг зөв ойлгож мөрдөх шаардлагатай. Энэ тал дээр хэлний бэрхшээлээс шалтгаалж ойлголтын зөрүү гарах эрсдэл бий. Үүнээс гадна гадаадад мэс засал хийлгэхэд зардал, цаг хугацааны асуудал гарна. Хамгийн чухал нь мэс засал хийлгээд л бүх зүйл дуусдаггүй. Мэс заслын дараах хяналт, эдгэрэлтийн явц, шаардлагатай эмчилгээ маш чухал байдаг.
Жишээлбэл, хараа заслын лазер мэс засал хийлгэсний дараа тодорхой хугацаанд эмчийн хяналтад байж, нүдний эдгэрэлтийг хянахшаардлагатай. Ямар нэгэн асуудал үүсвэл тухайн эмчид цаг алдалгүй үзүүлэх нь чухал. Тиймээс ийм төрлийн мэс заслыг эх орондоо хийлгэх нь өвчтөнд олон талаараа давуу талтай.
-Нүдний лазер хагалгаанд орохоор төлөвлөж байгаа хүмүүс ямар үзлэг, шинжилгээнд зайлшгүй хамрагдах ёстой вэ. Мөн ямар тохиолдолд лазер хагалгаа хийх боломжгүй байдаг талаар зөвлөгөө өгнө үү?
-Хараа заслын лазер мэс заслыг ерөнхийдөө 18-45 насны, шилний өөрчлөлттэй хүмүүс хийлгэх боломжтой. Гэхдээ насны хүрээнд багтаж байна гээд шууд мэс засалд орох боломжтой гэсэн үг биш. Хамгийн эхний чухал алхам нь лазер хараа заслын чиглэлээр мэргэшсэн нүдний эмчид үзүүлж, нарийн оношилгоо хийлгэх юм. Юуны өмнө тухайн хүний зүүж байгаа шилний хэмжээг тодорхойлж, тэр хэмжээ нь тогтвортой байгаа эсэхийг шалгана. Хэрэв шилний хэмжээ байнга өөрчлөгдөж, хэлбэлзэж байгаа бол тухайн үед нь лазер мэс засал хийх боломжгүй. Шилний хэмжээ тодорхой хугацаанд тогтвортой болсон үед мэс засал хийх нь зөв.
Үүний дараа нүдний нарийн шинжилгээнүүд хийгдэнэ. Учир нь хараа заслын лазер мэс засал нь нүдний эвэрлэг бүрхэвч дээр хийгддэг. Тиймээс эвэрлэг бүрхэвчийн бүтэц, хэлбэр, зузаан болон эрүүл байдлыг нарийвчлан шалгах нь хамгийн чухал. Ялангуяа эвэрлэг бүрхэвчийн компьютер томографийн шинжилгээ маш чухал байдаг. Эвэрлэг бүрхэвч эрүүл, мэс засал хийхэд хангалттай зузаантай байх шаардлагатай. Хэрэв эвэрлэгийн бүтэц, зузаантай холбоотой асуудал байвал лазер мэс засал хийх боломжгүй байж болно.
Мөн зөвхөн эвэрлэг бүрхэвчийг харахаас гадна нүдний болор, торлог бүрхэвчид ямар нэгэн эмгэг өөрчлөлт байгаа эсэх, нүдний даралт хэвийн байгаа эсэхийг заавал шалгана. Эдгээр үзүүлэлтүүд хэвийн, мэс засал хийхэд эсрэг заалтгүй тохиолдолд хараа заслын лазер мэс засал хийх боломжтой.
Манай эмнэлэгт шаардлагатай оношилгооны тоног төхөөрөмжүүд байгаа учраас хамгийн эхний алхам бол нарийн оношилгоонд хамрагдах юм. Оношилгооны үр дүнд үндэслээд тухайн хүнд ямар мэс засал тохирох, эсвэл мэс засал хийх боломжтой эсэхийг эмч зөвлөж өгнө.
-Орчин үед дэлгэцийн хэт хэрэглээ, хуурайшилт, харааны ачаалал нэмэгдэж байна. Иргэд өдөр тутамдаа нүдний эрүүл мэндээ хамгаалахын тулд ямар дадал хэвшлийг мөрдөх ёстой вэ. Мөн ямар шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй нүдний эмчид хандах шаардлагатай бол?
-Хараа муутай, шил зүүдэг хүн хамгийн түрүүнд шилнийхээ хэмжээг тогтвортой байгаа эсэхийг тогтмол хянаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шилээ зүүсэн ч өмнөх шигээ тод харахаа больсон бол ямар нэгэн өөрчлөлт гарсан байж болзошгүй гэсэн үг. Шилний хэмжээ өөрчлөгдсөн байж болох учраас ийм тохиолдолд аль болох хурдан нүдний эмчид үзүүлж, хараандаа тохирсон зөв шилээ тааруулах нь чухал.
Жишээлбэл, хоёр, гурван жилийн өмнөх шилний бичгээр шинэ шил хийлгэх нь буруу юм. Нүдний хараа, шилний хэмжээ энэ хугацаанд өөрчлөгдсөн байж болно. Тиймээс заавал нүдний эмчид үзүүлж, тухайн үеийн хараанд тохирсон шилний хэмжээг дахин тогтоолгох хэрэгтэй.
Сүүлийн үед дэлгэцийн хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор нүд ядрах, хуурайших зэрэг зовуурь нэмэгдэж, зарим хүний харааны өөрчлөлтөд ч нөлөөлж байна. Үүнийг багасгахын тулд дэлхий дахинд өргөн хэрэглэдэг 20:20:20 дүрмийг мөрдөхийг зөвлөж байна. Энэ нь 20 минут тутамд дэлгэцээсээ завсарлаж, 20 секундын турш ойролцоогоор 20 фит буюу 6 метрийн цаадах руу харах зарчим юм. Өөрөөр хэлбэл, нүдийг тасралтгүй ойрын зайд ажиллуулахгүйгээр тогтмол амрааж байх хэрэгтэй.
Харин ямар тохиолдолд нүдний эмчид яаралтай хандах вэ гэдэг нь бас чухал. Шилээ зүүсэн ч тод харахгүй байх, хараа гэнэт муудах буюу алдагдах, гэрэл харахад нүдэнд солонгорч эсвэл цагираглан харагдах зэрэг өөрчлөлт илэрвэл заавал нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн нүд удаан хугацаанд улайх, нуух гарах, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл нүдэнд халдвар, үрэвслийн өөрчлөлт байж болзошгүй. Тиймээс ийм шинж тэмдгийг зүгээр орхиж болохгүй.
Нүд бол маш эмзэг эрхтэн. Тиймээс нүдээ байнга анхаарч, хараа болон нүдэнд гарч байгаа өөрчлөлтүүдээ ажиглаж байх нь чухал. Ямар нэгэн зовуурь, өөрчлөлт илэрвэл өөрөө оношлох, хуучин шилээ зүүгээд явахын оронд аль болох эрт нүдний эмчид хандаж, шаардлагатай үзлэг, оношилгоогоо хийлгэх хэрэгтэй.
-Нүд хуурайших эсвэл харшлын үед иргэд эмийн сангаас өөрийн дураар нүдний дусаалгууд авч хэрэглэдэг. Энэ нь хэр их эрсдэлтэй зүйл вэ?
-Ерөнхийдөө тавдугаар сарын дундаас наймдугаар сарын сүүл хүртэл нүдний харшил ихэсдэг үе. Харшил сэдрэх үед нүд загатнах, улайх зэрэг зовуурь илэрдэг учраас хүмүүс нүдээ их нухдаг. Гэхдээ нүдээ нухах нь буруу. Ялангуяа нүдний харшилтай үед нүдээ байнга нухах нь нүдэнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Нүдийг байнга нухсанаар эвэрлэг нимгэрч гүдийх кератоконус өвчин үүсэх эрсдэлтэй.
Мөн нүд улайсан үедээ эмийн сан дээр очоод шууд дусаалга авч хэрэглэх тохиолдол их байдаг. Ялангуяа гормоны найрлагатай дусаалгыг эмчийн зааваргүйгээр хэрэглэх нь буруу.
Гормоны найрлагатай дусаалга нь тодорхой тохиолдолд тодорхой хугацаанд хэрэглэх нь үрэвсэл, харшлыг намдаах нөлөөтэй байдаг ч нөгөө талаас хяналтгүй, удаан хугацаагаар хэрэглэвэл нүдний даралт ихсэх эрсдэлтэй. Цаашлаад удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд болор цайх зэрэг хүндрэл үүсч болно. Тиймээс нүд харшилж, улайсан үедээ өөрөө дур мэдэн ямар нэгэн дусаалга авахын оронд заавал нүдний эмчид үзүүлж, шалтгааныг нь тогтоолгох хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд эмчийн зааврын дагуу харшлын эсрэг дусаалга хэрэглэнэ. Ер нь нүдний дусаалгыг аль болох эмчийн заавар, зөвлөгөөний дагуу хэрэглэж хэвших хэрэгтэй.