Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөж эхэлсэн ба цөлжилт, газрын доройтлын эсрэг арга хэмжээг эрт авах шаардлагатай байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Тэрээр “Монгол Улсын цөлжилтийн төлөв байдлын тайланг 2025 оны гуравдугаар сараас эхлэн боловсруулж, 1991-2025 он хүртэлх 30 гаруй жилийн мэдээлэлд үндэслэн гаргасан. Судалгааг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний байгууллагын 20 гаруй эрдэмтэн, судлаач хамтран хийсэн.
2020 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын нийт газар нутгийн 76 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэж тогтоож байсан бол энэ удаагийн судалгаагаар уг үзүүлэлт 81.9 хувь болж нэмэгдсэн. Цөлжилтийн түвшнийг нийт газар нутгийн хэмжээнд авч үзвэл 0.9 хувь нь нэн хүчтэй, 6.2 хувь нь хүчтэй, 42 хувь нь дунд зэрэг, 31 хувь нь сул түвшинд цөлжилтөд өртсөн байна. Харин 18 хувь нь цөлжилтөд өртөөгүй байна.
Судалгааны дүнд суурилж, цөлжилт, газрын доройтлын эсрэг богино хугацаанд, эрт арга хэмжээ авах тусам сөрөг үр дагавраас сэргийлэх боломжтой. Зүгээр хараад суувал ган, зуд, малын бэлчээр, газар тариалан, гол горхи, булаг шанд зэрэг олон зүйлд сөрөг үзүүлэлт бий болж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх эрсдэлтэй. Мөн цөлжилт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, эдийн засаг, нийгэм болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тухайлбал, цөлжилт, газрын доройтлоос үүдэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргаанд эрсдэл учруулахаар байна.