Ерөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцаж, холбогдох сайд, албаныханд үүрэг өглөөЕрөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцаж, холбогдох сайд, албаныханд үүрэг өглөө
Ерөнхий сайд газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, төслийг 2028 онд ашиглалтад оруулахын тулд ажлыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх үүрэг холбогдох албаныханд өглөө.
Ерөнхий сайд Н.Учрал: Намайг Ерөнхий сайдын ажлыг авах үед Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан хоёр жил, 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан байсан. Бид Гадаад зээллэгийн хуулийг УИХ-аар батлуулж, санхүүжилтийн гацааг арилган бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн. Өнөөдөр төслийн нийт гүйцэтгэл 60 хувьтай , 4500 хүн гурван ээлжээр, 24 цагаар ажиллаж байна. Үндсэн тоног төхөөрөмжүүд ирж, угсралтын ажил эрчимжлээ.
Үйлдвэрийн түүхий эдийг тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолойн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, дуусах шатандаа оржээ. Одоо энэ эрчээ алдаж болохгүй.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулна. 824 мянган тонн дизель, 396 мянган тонн АИ-95 бензин, 80 мянган тонн онгоцны түлш болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 орчим хувийг дотооддоо хангах боломж бүрдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Цаг үеийн ямар ч эрсдэл, тодорхойгүй үед дотооддоо тодорхой хэмжээнд хамгаалах суурьтай болно. Тиймээс үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг одооноос баталгаажуулна. Хайгуул, олборлолтыг эрчимжүүлнэ. Эрчим хүч, барилгын материал, инженер техникийн боловсон хүчин, хотхон, дэд бүтцийн асуудлыг бүтээн байгуулалттай зэрэгцүүлэн шийдвэрлэнэ.
Холбогдох сайд, албаныханд хариуцах ажил, хугацааг тодорхой болгож үүрэг өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт
1. Үйлдвэрийн санхүүгийн дарамтыг бууруулж, Аж үйлдвэрийн парк болгох асуудлыг шийдвэрлэх.
2. Үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулж, түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэх.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт.
3. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай барилгын материалын хангамжийг тасалдуулахгүй шийдвэрлэх.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт.
4. Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг шуурхай хийж, төрөөс шалтгаалах хүлээлт, саатлыг арилгах.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар нарт.
5. Үйлдвэрийг эрчим хүчний найдвартай, тасралтгүй эх үүсвэрээр хангах.
Эрчим хүчний сайд Б.Найдалаад
1. Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай нарийн мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудыг одооноос бэлтгэх.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт.
2. Үйлдвэрийн ажилчдын хотхон болон шаардлагатай дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэх.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нарт.
3. Төсөл хэрэгжүүлэгч компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчилж, санхүүжилтийн дарамтыг бууруулах.
Сангийн сайд З.Мэндсайхан, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нарт.
4. Газрын тос дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй зохион байгуулах.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нарт.
5. Төслийн хэрэгжилтэд өдөр тутмын хяналт тавьж, ажлын явцыг долоо хоног бүр олон нийтэд ил тод тайлагнах.
Нийт гүйцэтгэл хэдэн хувь болсон, тухайн долоо хоногт ямар ажил хийсэн, хаана хоцрогдол үүссэн, дараагийн долоо хоногт ямар ажил хийхийг тодорхой мэдээлж ажиллах. Төрөөс шалтгаалах зөвшөөрөл, журам, зураг төслийн магадлал, санхүүжилтийн шийдвэрээс болж бүтээн байгуулалт дахиж нэг ч өдөр гацах ёсгүй.
“Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг шиг алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа шахаж 2028 онд дуусгана.
Хуримтлагдсан асуудлуудыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцэж, шийдвэрлэнэ.