Жюү жицүгийн Үндэсний шигшээ багийн тамирчин, холимог тулаанч Г.Гантулгыг онцолж байна
Нийтэлсэн 2026 оны 8 сарын 5
Өмнөд Солонгосын Black Combat холбооны зохион байгуулж буй “Black Cup” тэмцээний хагас шигшээ шатанд Монголын баг БНСУ-ын Omega багийг 4:3-аар буулган авч, аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан. Харин хагас шигшээ шатны сүүлийн тулаанд АНУ, Японы багууд наймдугаар сарын 29-нд тулалдаж, ялсан нь Монголын багтай 200 сая воны шагналын төлөө финалд өрсөлдөнө.
Энэхүү холимог тулааны тэмцээнд Монголын багийн -84 килограммын жинд өрсөлдөж буй жюү жицүгийн Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Гантулгатай ярилцлаа.
-Хэзээнээс спортоор хичээллэж эхэлсэн бэ. Жюү жицү, холимог тулааны бэлтгэлээ яаж зохицуулж байгаа вэ?
-Би Ховд аймгийн Дарви суманд төрж, өссөн. Хотод шилжин ирээд 49 дүгээр сургуульд суралцаж байх үед биеийн тамирын багш маань “спортоор хичээллэх хүүхэд байна” гэж зөвлөснөөр жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Багадаа зодог, шуудаг өмсөөд гүйдэг хүүхэд байлаа. Подволк өмсөхөд хүртэл толгой багтдаггүй болохоор энгэрийг нь задлаад өмсдөг байсан. Хамаатнууд маань “толгойгоо дагаад том биетэй хүн болно” гэдэг байсан.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Сүүлийн таван жил жюү жицүгээр тууштай бэлтгэл хийж, бор бүс авсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд жюү жицү болон холимог тулааны бэлтгэлийг зэрэг хийж байна.
-Монголын баг “Black Cup” тэмцээнд хэрхэн оролцох болсон бэ?
-Холимог тулаанч, МУГТ М.Нандин-Эрдэнэ ах Black Combat холбоотой гэрээ байгуулсны дараа тус холбоо улс орнуудын хооронд багийн тэмцээн зохион байгуулах гэж байгааг мэдээд монгол тамирчдыг оролцуулах санал тавьсан. Удалгүй холбооны сонгон шалгаруулах баг Монголд ирж, тухайн үед том холбоодтой гэрээгүй, ойролцоо насны долоон тамирчныг сонгосон. Өнөөдрийн энэ бүрэлдэхүүн тэр үеэс бүрдэж, бүгд хоёр жилийн гэрээ байгуулсан.
-Монголын баг финалд шалгарсан. Финал хүртэлх хийсэн рингийн тулаан болон mini game-ийн өрсөлдөөнөөс хамгийн хэцүү тулаан аль нь байсан бэ?
-Хятадад болсон эхний тэмцээнд очиход миний эхний өрсөлдөгч бэртлийн улмаас оролцож чадаагүй. Түүний оронд өөр тамирчин гарч ирсэн ч дараа нь хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож, тухайн тамирчин тэмцээнээс хасагдсан. Хагас шигшээд эзэн орны багтай маш ширүүн өрсөлдөж, 4:3-аар ялснаар финалд шалгарсан. Миний хувьд сүүлийн тулаанд холбооны чансааны хоёрдугаарт бичигддэг тамирчинтай өрсөлдөж, ялагдал хүлээсэн. Хэрэв тэр тулаанд ялсан бол энэ тэмцээний дараа аваргын бүсний төлөө өрсөлдөх боломжтой болох байсан.
Манай багийн хүнд жингийн тамирчнаас бусад нь бүгд их хэмжээний жин хассан. Миний хувьд өмнө нь жюү жицүд -94 кг-д өрсөлддөг байсан бол энэ тэмцээнд -84 кг-д хүч үзэхийн тулд жингээ нэлээд хассан.
Сүүлийн тулааны өмнөх mini game дээр манай баг ялагдаж, улмаар хэрүүл маргаан болсон. Тэр бичлэг YouTube-д цацагдсаны дараа холбоо тасалбарын борлуулалтаа эхлүүлсэн. 15 мянган хүний суудалтай аренын бүх тасалбар 24 цагийн дотор дууссан.
Гэхдээ үүний дараа бидэнд маш их цахим дайралт ирсэн. Сошиал хаягаа нээхээс хүртэл эмээдэг болсон үе бий. Тэр үед дасгалжуулагч сошиал хэрэглээг ч хязгаарлаж байсан.
-“Black Cup”-ийн mini game-үүд танд ямар санагдсан бэ?
-Анх сонсоод хүүхдийн тоглоом шиг зүйл байх гэж бодсон. Гэтэл нэгнийхээ гэдэс рүү ээлжилж цохилцох, хоёрын эсрэг хоёр боксын тоглолт, машины дугуйнд хоёр хөлөө хийж барилдах зэрэг үнэхээр өвөрмөц сорилтууд байсан. Маш их гайхсан.
-Нөгөө хэсгийн хагас шигшээд АНУ, Японы багууд үлдсэн. Аль баг финалд шалгарна гэж бодож байна вэ?
-Анх тэмцээнд оролцох багууд зарлагдахад зохион байгуулж байгаа БНСУ-ын багийг финалын тоглолтод гарж ирнэ хэмээн бодож байсан. Би өөрийн жингийн бүх өрсөлдөгчөө судалсан. Миний бодлоор Америкийн баг финалд шалгарах магадлал илүү өндөр.
-Өөрийн чинь хувьд жюү жицүгийн Үндэсний шигшээ багт багтаж, Азийн наадамд оролцоно. Тэр тухайгаа яривал?
-2018 онд телевизээр Азийн наадмыг үзээд “Нэг өдөр энэ тэмцээнд эх орноо төлөөлөөд оролцоно” гэж боддог байлаа.
Энэ жилийн жюү жицүгийн улсын аваргын түрүүлсэн тамирчдаас Үндэсний шигшээ баг бүрдэж, Азийн наадмыг зорино. Миний хувьд жиндээ түрүүлж, дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон. Тиймээс “Black Cup” тэмцээний бэлтгэлийн зэрэгцээ шигшээ багийнхаа бэлтгэлийг мөн хийж байна.
-Та их тайван, дөлгөөн хүн . Тэмцээний өмнө өрсөлдөгчтэйгөө trash talk хийх хэцүү байдаг уу?
-Надад хамгийн хэцүү зүйлсийн нэг нь энэ. Би угаасаа маш их бодож байж ярьдаг хүн. Багадаа бүр ч даруухан хүүхэд байсан. Одоо бол тэр зангаа бага багаар өөрчилж, тулаанч хүний харизмыг өөртөө бий болгохыг зорьж байна. ММА бол огт өөр сэтгэлзүй шаарддаг спорт.
Эхний удаа Хятадын багтай хийх тулааны өмнө trash talk хийх шаардлагатай болсон. Тухайн үед өрсөлдөгчөө сайн мэдэхгүй байсан учраас гадаад төрх, эсвэл тухайн улсынх нь түүхтэй холбоотой зүйлс хамгийн түрүүнд бодогдсон. Хятадын тамирчинтай trash talk хийхдээ өвөг дээдсийнхээ түүхийг их бодож байсан.
-Багаараа Чингисийн есөн өрлөгийн нэрнээс рингийн нэрээ өгсөн. Ринг дээр таныг “Зэв” хэмээн дууддаг. Энэ нэрийг сонгох болсон шалтгаан нь юу вэ?
-Сонгон шалгаруулалтын дараа бүх тамирчин тайзны нэртэй болох хэрэгтэй байсан. Манайхан чинь бүр ямар нэг өгөх вэ гээл бодоцгоогоод, түгээмэл байдаг “нядлагч, цус асгаруулагч” гэх мэт нэр өгөх хэрэгтэй гэж ярилцаж байсан юм л даа. Тэмцээний зураг авалт эхлэх өдөр ч болж, олигтой нэр бодоогүй байхад холбооны захирал нь “тайзны нэрийн би өгмөөр байна” хэмээсэн.
Black Combat холбооны захирал Монголын нууц товчоог бүтнээр нь судалсан, Монголын түүхэд их дуртай хүн юм билээ. Тэгээд Чингис хааны есөн өрлөгийн нэрийг өгөх санал гаргасан. Ингээд надад санамсаргүйгээр “Зэв” гэдэг нэр оногдсон доо.
-Таны ойрын зорилго юу вэ. Энэ бүхнийг туулсны дараа таны хувьд тулаанч хүний хамгийн том ялалт юу вэ?
- Медаль, мөнгөнөөс илүү өөрийгөө өдөр бүр ялж, өчигдрийнхөөсөө илүү болохыг хичээх нь хамгийн том ялалт гэж боддог. Тэр зарчмаараа цаашдаа ч бэлтгэлээ хийсээр байх болно.
"Black combat" холбоотой хоёр жилийн гэрээ байгуулсан учраас холбооны тэмцээндээ оролцоод явна. Мэдээж есдүгээр сард оролцох Азийн наадамдаа төрүүлмээр байна.
Та нар маань "Black Cup" тэмцээний финалын өдөр Монгол багаа дэмжээрэй