Он гарахаас ч өмнө яригдаж эхэлсэн шатахууны хомсдол энэ сард бодит асуудал болж, жолооч нарын өдөр тутмын амьдралд шууд нөлөөллөө. Үнэндээ бензин хомсдож, шатахуун түгээх станцуудын өмнө урт дараалал үүсэх нь цаг хугацааны л асуудал байв. Учир нь Ойрх Дорнодын мөргөлдөөн, ОХУ-Украины дайнаас үүдэлтэй геополитикийн эрсдэл гэнэт бий болсон зүйл биш. Эрсдэлээ урьдчилан тооцож, бэлтгэл хангах хангалттай хугацаа байсан ч бодит байдал дээр шаардлагатай арга хэмжээг авч чадаагүй нь өнөөдөр ийм байдалд хүргэлээ.
Жолооч нар өглөөний 05:00 цагаас эхлэн дугаарлаж байгаа ч бензинээ авч чадалгүй буцах тохиолдол түгээмэл байна. Хотын зарим шатахуун түгээх станцын гадна хамгийн багадаа 30-40 автомашины цуваа үүсжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаад байрлах Горгаз шатахуун түгээх станц дээр өглөөний 10:00 цагийн байдлаар 50 гаруй автомашин дугаарласан байлаа.
Тэнд бензин авахаар ирсэн иргэн Т "Уржигдраас хойш бензин авах гэж явж байна. Өнөө өглөө 32-ын ТЭС колонкод хоёр цаг дугаарласан ч шатахуун нь дууссан байсан. Дараа нь энд ирээд бас цаг гаруй хүлээлээ. Одоо бензин дууссан гэж хэлж байна. Эндээ хоноод маргааш өглөө найман цагт авах байх. Шагийн бензин ч олдохгүй байна. Ер нь үнэ нэмэхийн өмнө зориуд ийм оочир үүсгээд байгаа юм шиг санагдаж байна" хэмээн ярив.
Ийм нөхцөл байдал зөвхөн нэг станцад бус хотын олон хэсэгт давтагдаж байна. Зарим жолооч гурван цаг гаруй хүлээсний эцэст шатахуун авч чадсан бол олон хүн "бензин дууссан" гэсэн хариу сонсоод буцаж байна. Түүнчлэн өмнө нь хааяа олддог байсан шагийн бензин хүртэл бараг үзэгдэхээ больжээ. Шатахуун хайсан автомашинуудын урт цуваа хотын гудамжинд ч нийгмийн сүлжээнд ч үргэлжилсээр байна.