Ардчилсан намын бүлгийн гишүүд 4:11 мэдээллийн цагаар улс оронд үүсээд байгаа түлш шатахуун болон эдийн засагтай холбоотой асуудал мөн орон нутагт үүсээд байгаа улс төрийн зорилготой зарим асуудлууд дээр мэдээлэл өглөө. Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: Эрх баригчдын хувьд хүн нь солигдлоо гээд арга барил нь өөрчлөгддөггүй юм байна. Иргэдийн сонгох эрхийг хууль, эрх зүйн аргаар эсвэл янз бүрийн бусармаг аргаар булаадаг буруу жишиг цаашид ч үргэлжилсээр байх нь. Өчигдөр Ерөнхий сайдын захирамжаар Ардчилсан нам цөөнх болсон аймгуудын нэг болох Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хууль зүйн үндэслэлгүйгээр огцрууллаа. Энэ асуудлаар намынхаа хуульчидтай хамтран шүүхэд хандахаар бэлтгэж байна. Ерөнхий сайдын гаргасан захирамжийг хууль бус гэж үзэж байгаа учраас шүүхээр шийдвэрлүүлэх болно.Улс төрийн хүрээнд сөрөг хүчнээ улс төрийн зорилгоор намнадаг, улс төрийн ан хийдэг энэ арга барилаа эрх баригчид одоо болих хэрэгтэй. Сөрөг хүчнээ хүчгүйдүүлэхийн тулд хууль бус, буруу арга хэрэглэдэг байдлаа одоо зогсоох ёстой. Харин жинхэнэ хариуцлага хүлээх ёстой хүмүүс чинь өөрсдийнх нь Засгийн газрын дотор байна. Иргэдэд худал мэдээлэл өгч байгаа сайд нар байна. Бензин, шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж амлаж байсан нь хаана байна. Шатахууны нөөц хангалттай, олон хоногийн нөөцтэй гэж ярьж байсан нь яасан бэ. Эцэст нь тэдний өгч байгаа мэдээллийн ихэнх нь бодит байдалтай нийцэхгүй байна. Бүр сүүлдээ сайд нар нь өөрсдөө иргэдтэйгээ нүүр тулж чадахаа болиод, агентлагийн дарга нараа өмнөө гаргадаг болсон.