Улсын хэмжээнд АИ 92 бензиний 17, дизель түлшний 23 хоногийн нөөцтэй байна гэж АМГТГ-ын дарга П.Баянбаатар Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ мэдээлэв.
Манай улс оны эхний гурван сард нийт шатахуун түгээх станцынхаа нөөцийг бүрдүүлэх чиглэсэн арга хэмжээ авсан. Эхний сард 107000 тонн, хоёрдугаар сард 102000 тонн, гуравдугаар сард 95000 тонн, дөрөвдүгээр сард 86000 тонн гээд үндсэндээ монголд байгаа бүх агуулах савнуудаа дүүргэсэн. Тавдугаар сард төмөр зам дээр 700 вагон бүх сав дүүрсэн байсан учраас ОХУ-руу явж чадаагүй. Агуулах савны хэрэгцээ гэдэг нь зөвхөн төмөр зам дээр байгаа вагон биш. Хэрвээ дотоодын гурван сарын хэрэгцээний агуулах саваа бүрэн барьчихсан бол нөөц, хомсдол гэж ярихгүй байсан. Он дуустал нөөцтэй байх бүрэн боломж байсан гэж энэ үеэр онцлов.
Тэрээр "Ердийн хэрэглээгээрээ хэрэглэвэл шатахуун түгээх станц дээр ямар нэгэн оочир үүсэхгүй. Гэхдээ бид наадмын үеэр дөрвөн сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахуун хэрэглэсэн. Шатахуун түгээх станцууд иргэдийн хэрэглээг гүйцэхгүй байгаа учраас оочир дараалал үүссэн. Засгийн газраас нөөц бүрдүүлэхээр тодорхой бодлого гарган ажиллаж байна. Тухайлбал, холбогдох 18 аж ахуй нэгжийн 22 нөөцийн савыг барих шийдвэр гаргасан. Энэ хүрээнд холбогдох арилжааны банкуудад 330 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон.Манай агентлагаас үүнд хяналт тавьж ажиллана. Одоогоор 250000 тоннын агуулах савыг барих гэрээг нийт 18 аж ахуй нэгжтэй хийж, үйл ажиллагаагаа эрчимжүүлээд явж байна" гэв.
Түүнчлэн шатахууны үнийн талаар мэдээлэхдээ, Ойрх Дорнодын нөхцөл байдал болон ОХУ-ын дотоодод үүссэн асуудалтай холбоотойгоор бензиний үнэ хэлбэлзэлтэй байгааг дурдав. Манайд одоогоор АИ 95 болон Евро 5 төрлийн бензин,дизель түлш олон улсын биржийн үнээр явж байна. Энэ утгаараа бирж дээр үнэ ямар байна энэ жишгээр явна. Харин АИ-92 бензинийг үнэ тогтворжуулах гэрээний дагуу 705 ам.доллароор авч байсан ч ОХУ-талаас дахин үнэ хэлэлцэх санал ирүүлсэн. Энэ дагуу хоёр тал хэлэлцсэний үр дүнд 95 доллараар нэмжээ. Улмаар, дотоодын зах зээл дээрх АИ-92 автобензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэн бол дизелийн үнэ 100-150 төгрөгөөр буураад байгаа юм.