Монгол Улсад 2026 оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ өсөлт нь Монголын аялал жуулчлалын салбар цар хүрээгээ тэлж, улсын хэмжээнд тавьсан нэг сая жуулчин хүлээн авах зорилт бодитой хэрэгжих боломжтойг харуулж байна.
Энэ оны эхний зургаан сард манай улсад хамгийн олон жуулчин ОХУ-аас ирсэн бөгөөд 154.8 мянган хүн бүртгэгджээ. Үүний дараа БНХАУ-аас 115.8 мянга, БНСУ-аас 55.2 мянга, Японоос 14.0 мянга, Казахстанаас 9.1 мянга, АНУ-аас 9.0 мянга, ХБНГУ-аас 8.9 мянга, Туркээс 6.9 мянга, Тайваниас 4.3 мянга, Беларусиас 3.7 мянган жуулчин Монголд аялсан байна.
Өнгөрсөн онд Монгол Улс нийт 854.2 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын өсөлт өмнөх жилээс 16 хувиар нэмэгджээ. Мөн өнгөрсөн онд дэлхийд танигдсан влогерууд, аялагчид, олны танил хүмүүс олноор ирсэн нь манай улсын аялал жуулчлалыг олон улсад сурталчлахад чухал нөлөө үзүүлсэн юм. Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс Австри, Бельги, Итали, Испани, Дани, Швед, Швейцарь, Их Британи зэрэг нийт 34 улсын иргэдийг аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоног визгүй зорчих нөхцөлөөр 2026 оныг дуустал хамруулж байгаа нь салбарын өсөлтийг дэмжих нэг хүчин зүйл болсон.
Гэхдээ нэг сая жуулчин хүлээн авах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн жуулчдын тоог нэмэгдүүлэх бус, аялал жуулчлалын чанарт илүү анхаарах шаардлагатайг судлаачид онцолж байгаа юм. Жуулчид Монголын онгон байгаль, нүүдэлчин соёл, түүхийн өв, өвөрмөц ахуйг өндөр үнэлдэг ч дэд бүтцийн хүртээмж, үйлчилгээний чанар, стандартын ялгаа нь сул тал хэвээр байна. Ялангуяа зочид буудал, жуулчны баазуудын үйлчилгээ харилцан адилгүй, ажилтнуудын гадаад хэлний мэдлэг, мэргэжлийн сургалт хангалтгүй байгаа нь жуулчдын сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлдөг.
Мөн Монголд ирж буй жуулчдын дийлэнх нь БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, АНУ зэрэг улсаас ирдэг бөгөөд ихэвчлэн зуны улиралд, богино хугацаагаар аялдаг байна. Иймээс аялал жуулчлалыг зөвхөн зуны улиралд төвлөрүүлэх бус өвлийн болон дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх, хил гаалийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох нь салбарын тогтвортой өсөлтөд чухал ач холбогдолтой. Хэрэв Монгол Улс үйлчилгээний чанар, дэд бүтэц, хүртээмж, дөрвөн улирлын аялал жуулчлал зэргийг хөгжүүлж чадвал нэг сая жуулчин хүлээн авах зорилтоо биелүүлэхээс гадна аялал жуулчлалаас олох орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.