Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Япон улс байнгын оршин суух зөвшөөрлийн шалгуурыг чангатгана

Япон улс байнгын оршин суух зөвшөөрлийн шалгуурыг чангатгана
Нийтэлсэн 10 минутын өмнө
Японы Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг чангатгах шинэ журмыг ирэх аравдугаар сараас мөрдөхөөр төлөвлөж буй талаар дотоодын хэвлэлүүд мэдээллээ. Шинэ шаардлагын хүрээнд өргөдөл гаргагчийн орлого Япон өрхийн дундаж орлогоос өндөр байх ёстой гэсэн шалгуур тавигдах аж.
Мөн өргөдөл гаргагч тухайн орлогын түвшинд ажилтны тэтгэврийн даатгалын тогтолцоонд 30 жил хамрагдсан тохиолдолд авах хэмжээтэй дүйцэх тэтгэврийн эрх үүсгэсэн байх шаардлагатай болохыг Цагаачлалын албаны боловсруулсан шинэчилсэн удирдамжийн төсөлд тусгасныг Asahi Shimbun сонин мэдээлжээ.
Хэрэв тухайн хүний ирээдүйн тэтгэврийн хэмжээ энэ босгод хүрэхгүй бол хадгаламж болон бусад хөрөнгийн үнэлгээгээр дутагдлыг нөхөх боломжтой гэж уг төсөлд дурдсан байна.
Asahi Shimbun болон Nikkei сонины мэдээлснээр Засгийн газар шинэ удирдамжийг аравдугаар сарын 1-нээс баталж, ирэх оны дөрөвдүгээр сараас хойш ирүүлэх өргөдөлд мөрдөж эхлэхээр төлөвлөжээ.
Ерөнхий сайд Санаэ Такайчигийн Засгийн газар гадаадын иргэдийн үйлдсэн хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, мөн Японд оршин суугч гадаадын иргэдийг төрийн халамжаас хэт хамааралгүйгээр өөрийгөө санхүүгийн хувьд авч явах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагаачлалтай холбоотой хэд хэдэн хатуу бодлого хэрэгжүүлээд байгаа юм.
Одоогийн журмаар байнгын оршин суух зөвшөөрөл авахын тулд өргөдөл гаргагч дараах үндсэн гурван шаардлагыг хангах ёстой. Үүнд:
  • Сайн зан төлөвтэй байх;
  • Өөрийгөө бие даан тэтгэх ур чадвар, орлого эсвэл хөрөнгөтэй байх;
  • Байнгын оршин суух зөвшөөрөл олгох нь Японы эрх ашигт нийцнэ гэж Засгийн газар үзэх.
Мөн ерөнхийдөө Японд дор хаяж 10 жил оршин суусан байх шаардлагатай. Харин Японы иргэн эсвэл байнгын оршин суугчтай гэрлэсэн хүн гурваас доошгүй жил гэр бүл болсон бөгөөд Японд дор хаяж нэг жил амьдарсан бол байнгын оршин суух зөвшөөрөл авах боломжтой байдаг.
Харин шинэчилсэн удирдамжийн төсөлд энэ нөхцөлийг чангатгаж, Японы иргэнтэй дор хаяж таван жил гэрлэсэн, Японд хамгийн багадаа гурван жил оршин суусан байх шаардлага тавихаар тусгажээ.
Мөн байнгын оршин суух зөвшөөрөл олгох нь Японы эрх ашигт нийцэж байгаа эсэхийг үнэлэхдээ өргөдөл гаргагчийн япон хэлний мэдлэг, орон нутгийн дүрэм журам, нийгмийн хэм хэмжээг ойлгодог эсэх зэрэг тодорхой шалгуурыг шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж буйг мэдээлсэн байна.
Түүнчлэн сургуульд сурах насны хүүхдээ сургуульд хамруулаагүй өргөдөл гаргагчид сөрөг үнэлгээ өгөхөөр төлөвлөжээ. Засгийн газрын үзэж буйгаар гадаадын хүүхдүүд Японы нийгэмд дасан зохицохын тулд тус улсын боловсролын тогтолцоонд хамрагдах шаардлагатай аж.
Японы Цагаачлалын албаны мэдээллээр өнгөрсөн оны эцсийн байдлаар 947,125 хүн байнгын оршин суух зөвшөөрөлтэй байжээ.
Мөн Засгийн газар өнгөрсөн баасан гарагт гадаадын иргэдийг хүлээн авах бодлогыг бүхэлд нь дахин авч үзэх шинжээчдийн ажлын хэсэг байгуулах шийдвэрээ баталгаажуулсан байна. Энэхүү ажлын хэсэг нь Японд хүлээн авах гадаадын иргэдийн тоонд дээд хязгаар тогтоох асуудлыг ч судалж магадгүй аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн