2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцууллаа.
Тэрээр "Хичээлийн жилийн бүтцийг энэ жил шинэчлэн баталсан. Өнгөрсөн 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг 2025 оны хоёрдугаар сард баталж, гурван улиралтай байх, бие даалтын 7 хоног, цахим хичээлийн 7 хоногтой байхаар олон нийтэд мэдээлж байсан. Энэхүү бүтцийг хэрэгжүүлж үзэхэд 10 мянга гаруй багш, нэгж байгууллагуудаас ирсэн санал дээр үндэслэн 2026-2027 оны хичээлийн жилд мөрдөх хичээлийн жилийн бүтцийг холбогдох газар, мэргэжлийн байгууллагуудаас шинэчилсэн юм.
Нийслэл, аймгуудын хувьд хичээлийн жилийн бүтэц ялгаатай байгаа. Гэхдээ хичэлийн жилийн эхлэх болон дуусах хугацаа адил байх зарчмыг баримталсан. Хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай болгож зохион байгуулж байгаа. Учир нь гурван улиралтай тохиолдолд нэгдүгээр улирлын хичээл 16 дахь долоо хоногт бие даалтын долоо хоногоо оруулж, нийт 17 долоо хоногийн туршид үргэлжилж байсан. Хэдийгээр дунд нь бие даалтын долоо хоногийг гаргаж өгч байгаа ч хэт урт үргэлжилсэн хичээлийн жил байгаа юм.
Үүнтэй холбогдуулан багш нар болон хүүхдийн хувьд хүндээр нөлөөлж байгаа учир 7-9 долоо хоногтой болгож улирлын амралт таарахаар дөрвөн улирлын зохион байгууллалтыг оруулж өгсөн.
Нийслэлийн хувьд бие даалтын долоо хоногийг хоёрдугаар улирлын төгсгөлд, хөдөө орон нутагт гуравдугаар улирлын эхэнд эхлүүлэхээр төлөвлөсөн. Ийнхүү энэ хичээлийн жилийн зохицуулалт өнгөрсөн жилээс өөр байна. Мөн Цагаан сарын хугацаанд бүх нийтийн амралт таардаг. Тиймээс хичээлийн жилийг өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсдэг. Тиймээс Цагаан сартай долоо хоног дээр бие даалтын долоо хоногийг гаргаж өгч байгаа. Ахлах ангийн хүүхдүүдэд цахим сургалтын долоо хоногийг гуравдугаар улирлын хичээлийн эхээр байлгах болно.
COP17 Монгол Улсад болохтой холбоотойгоор урьдчилсан байдлаар 2800 гаруй гадаадын улс орнуудын өндөр хэмжээний зочид төлөөлөгчид ирэхээр байна. Наймдугаар сарын 17-нд эхлэх хуралд бэлэн байлгахын тулд таван маршрутаар, 60 гаруй автобусаар, нийслэлийн төвийн хэсэгт байрлах шаардлага хангасан буудлуудад байрлуулах ажлыг хариуцсан ажлын хэсэг зохион байгуулна. Мөн зохион байгуулах газарт хүргэж өгөхөөр нэмэлт 100 автобус гаргаж нийт 160 автобусаар үйлчлэх юм. Дээд боловсролын сургалтын байгууллага буюу их сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийхээр болсон. Өнөөдөр бид дээд сургуулийн сургалтын байгууллагуудыг урьж нөхцөл байдлыг танилцуулсан. Нийт 3-4 янзын зохицуулалт хийнэ.
Наймдугаар сарын 17-28-ны хооронд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх түвшний боловсролын сургалтын байгууллагууд ажлын байрандаа үйл ажиллагаа огт явуулахгүй. Бүх түвшний боловсролын байгууллагуудын бүх үйл ажиллагаа 100 хувь цахимаар явагдах болно. Мөн наймдугаар сарын 17-ноос нэмэлт элсэлт, элсэлтийн бүртгэлийн үйл ажиллагаа 100 хувь цахимаар явагдах болно.
Наймдугаар сарын 24-нөөс хичээл сонголтын үйл ажиллагаа 100 хувь цахимаар явагдах юм. Тэгэхээр наймдугаар сар дуустал хөдөө орон нутгаас хичээл сонголт хийхээр Улаанбаатар хотод ирэх ямар ч шаардлага байхгүй юм. Их дээд сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нээс цахим хэлбэрээр эхэлнэ. Эхлээд удиртгал хичээл явж, есдүгээр сарын 14-ний өдрийн нэг дэх өдрөөс эхлээд танхимын хичээл хэвийн явагдах юм. Гурав дахь долоо хоногоос дотуур байрны үйлчилгээ эхлэх болно.
Цэцэрлэг, ЕБС-ийн танхимын хичээл есдүгээр сарын 1-ээс танхимаар хэвийн үргэлжлэх юм. COP17 бүсэд хамаарах нэр бүхий 72 сургууль, 60 цэцэрлэгт зохицуулалт хийнэ" гэлээ.