Дэлхийн аварга болсон Испанийн шигшээ баг аваргын 50 сая ам.долларын шагналаас гадна эрх авсны болон бэлтгэлийн санхүүжилтээ нэмбэл нийт 62.5 сая ам.долларын орлого хүртсэн юм.
Испанийн хөлбөмбөгийн холбоо шагналын сан болох 50 сая ам.долларын багагүй хэсгийг татварт суутгах шаардлагатай болжээ. Тус улсын Татварын хуульд зааснаар шигшээ багийн тоглогчид болон дасгалжуулагчдын авдаг шагналын мөнгөнд хувь хүний орлогын албан татвар ногдуулдаг. Зарим тохиолдолд нийт татварын хувь хэмжээ 47 хувь хүртэл хүрэх боломжтой тул тоглогчдын бодитоор авах мөнгө тал хувиар буурах юм.
Испанийн хэвлэлүүдийн мэдээлснээр, FIFA-ийн шагналын санг эхлээд Испанийн Хөлбөмбөгийн Холбоо хүлээн авч, дараа нь тоглогчид, дасгалжуулагчид болон багийн ажилтнуудад хуваарилдаг. Харин тухайн хуваарилсан мөнгөнөөс Испанийн татварын байгууллага хувь хүний орлогын албан татварыг суутган авдаг байна.
Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд ойролцоогоор 26 тоглогч багтсан бөгөөд хэвлэлүүдийн тооцоолсноор нэг тоглогчид оногдох урамшуулал татвар суутгасны дараа 350-385 мянган евро болно хэмээн үзэж байна.
2026 оны ДАШТ нь FIFA-ийн түүхэн дэх хамгийн өндөр буюу 871 сая ам.долларын нийт шагналын сантай тэмцээн болсон бөгөөд аварга Испани 50 сая, дэд аварга Аргентин 33 сая ам.долларын шагнал хүртсэн юм.