Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу долоодугаар сарын 22-нд баруун аймгуудын баруун хэсэг, төвийн аймгуудын хойд болон зүүн аймгуудын зарим газраар түр зуурын аадар бороо орж, дуу цахилгаантай байна. Харин говийн бүс болон баруун өмнөд нутгаар агаарын температур +33 хэм хүрч халах төлөвтэй байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө түр зуурын бороо орж, салхи баруунаас секундэд 4 -9 метр. Агаарын температур өдөртөө +24...+26 градус дулаан байна.
Ойрын тав хоногийн төлөв (долоодугаар сарын 23–27):
Баруун, төв, зүүн аймгуудын зарим нутгаар өдөр бүр түр зуурын аадар бороо орж, дуу цахилгаантай байх төлөвтэй.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс болон Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын сав газраар усархаг бороо орох магадлалтай.
Шөнөдөө ихэнх нутгаар +10…+18 хэм, говийн нутгаар +18…+23 хэм дулаан байна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5–10 метр, аадар борооны үеэр түр зуур секундэд 16–18 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Агаарын температур: Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +20…+25 градус, нутгийн баруун өмнөд хэсгээр халж Алтайн өвөр говиор +35…+40 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +24...+26 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.
Иймд ойрын өдрүүдэд уулархаг болон гол мөрний сав дагуу аянга, аадар борооноос үүдэлтэй үер усны аюулаас сэрэмжилж, харин говийн бүсэд халалтын эрсдэлээс сэргийлэн нарны шууд тусгалд удаан байхгүй, шингэний хэрэглээгээ нэмэгдүүлэхийг Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас зөвлөж байна.