Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний хагас жилийн голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан танилцууллаа. Тэрээр “Хэрэглээний бараа үйлчилгээний үнийн хувьд 2026 оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12 хувиар өслөө. Өөрөөр хэлбэл, инфляцын түвшин 12 хувьтай гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараа бүтээгдэхүүний үнэ 12.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.6 хувиар тус тус өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 24.8 хувь, хувцас бөс бараа гуталны үнэ 7 хувь, гэр ахуйн бараа, тавилгын үнэ 8 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 12 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үнэ 15.2 хувь, боловсролын үйлчилгээний үнэ 12.8 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 9.1 хувиар тус тус өссөн нь инфляц 12 хувьтай гарахад голлох нөлөө үзүүлжээ. Гадаад худалдааМанай улс энэ жилийн эхний хагас жилд дэлхийн 150 улстай худалдаа хийж гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 16.5 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 10.4 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.доллар болж гадаад худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ жилийн хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 тэрбум ам.доллар буюу 4.1 дахин өссөн эерэг дүн гарсан.