Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Монгол Улсад айлчлахаар ирсэн Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны онцлох баримтууд

Монгол Улсад айлчлахаар ирсэн Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны онцлох баримтууд
Нийтэлсэн 16 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны долдугаар сарын 20-22-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Энэхүү айлчлал нь Тажикистаны төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй хоёр дахь төрийн айлчлал бөгөөд 2009 оны айлчлалаас хойш 17 жилийн дараа болж байгаагаараа онцлогтой. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.
Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс гадна бүс нутаг болон олон улсын тавцанд хамтран ажиллах чиглэлээр харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны тухай онцлох баримтуудыг хүргэж байна.
Эдийн засагч мэргэжлээр их сургууль төгссөн
Эмомали Рахмон 1952 оны аравдугаар сарын 5-нд Тажикистаны Данхара тосгонд энгийн тариачны гэр бүлд төржээ. Түүний аав Дэлхийн II дайнд оролцож байсан юм. Рахмон 1971-1974 онд Зөвлөлтийн тэнгисийн цэргийн флотод алба хаасны дараа төрөлх нутагтаа буцаж ирэн цахилгаанчнаар ажиллажээ. Улмаар 1982 онд Тажикийн Улсын Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. Тэрээр эхнэр Азизмо Асадуллаеватай гэрлэсэн бөгөөд долоон охин, хоёр хүүтэй. Түүний гэр бүлийн хэд хэдэн гишүүн Тажикистаны төрийн өндөр албан тушаал хашдаг байна.
Дэлхийн хамгийн удаан засаглаж буй удирдагчдын нэг
Эмомали Рахмон 1994 оны арваннэгдүгээр сарын 16-наас хойш Тажикистаны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд энэ албан тушаалыг 30 гаруй жилийн турш хашиж байна. Үүнээс өмнө тэрээр 1992-1994 онд Тажикистаны Дээд Зөвлөлийн даргаар ажиллаж байсан тул тус улсыг нийтдээ 30 гаруй жилийн турш удирдаж байгаа дэлхийн хамгийн удаан хугацаанд төрийн эрх барьж буй удирдагчдын нэг юм.
Тажикистаны "Үндэсний удирдагч"-аар өргөмжилсөн
Эмомали Рахмон нь Тажикистаны төрийн шагнал болох Тажикистаны баатар цол хүртсэн. Түүнийг албан ёсоор "Энх тайван, үндэсний эв нэгдлийг үндэслэгч, Үндэсний удирдагч" хэмээн өргөмжлөн нэрлэдэг бөгөөд энэ нь Тажикистаны улс төрийн тогтолцоонд эзлэх түүний онцгой байр суурь, урт хугацааны засаглалын бэлгэдэл гэж үздэг.
Сүүлд хийсэн төрийн айлчлал
2026 оны тавдугаар сарын 11-нд Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжин хотод хүрэлцэн ирсэн нь хамгийн сүүлд хийсэн айлчлал нь юм. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар энэхүү айлчлал нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ ногоон эрчим хүч, дижитал эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд голлон чиглэжээ.
Монгол-Тажикистаны харилцаа
2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нийт 11 баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд тэдгээрийн дунд "Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай" хамтарсан мэдэгдэл багтсан юм. Энэхүү баримт бичиг нь Монгол, Тажикистаны дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд байгуулсан хамгийн өргөн хүрээтэй, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал тохиролцоонд тооцогддог.
Айлчлалын үеэр хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа цаашид бэхжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ дахин нотолж, улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр харилцан тохиролцсон юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн