Open iToim app
Дакарт уралдах зорилготой эгч дүүс
Спорт | 14 мин уншина

Дакарт уралдах зорилготой эгч дүүс

Нийтэлсэн 2026 оны 7 сарын 15
Тоос манарсан бартаат зам, хэдэн зуун километр үргэлжлэх тусгай зам, секунд бүр шийдвэр гаргах шаардлагатай өрсөлдөөн... Ихэнх хүний хувьд энэ дүр зураг эрэгтэй тамирчдыг санагдуулдаг. Харин Монголын авто, мото спортын ертөнцөд энэ ойлголтыг өөрчилж яваа хоёр эмэгтэй бий. Тэд бол төрсөн эгч, дүүс болох авто, мото спортын тамирчин А. Анар, А. Алтжин нар юм.
Нэг нь олон улсын хэмжээний мастер, нөгөө нь спортын мастер цолтой. Хүүхэд наснаасаа мотокроссоор замналаа эхэлж, өнөөдөр эндуро, баха, раллигийн төрлөөр Монголын шилдэг тамирчдын нэг болоод байна. Тэдний хамгийн том зорилго бол дэлхийн хамгийн хүнд, нэр хүндтэй уралдаан гэгддэг "Дакар Ралли"-д хамтдаа өрсөлдөж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах.
Тэдэнтэй спортын замнал, ахиц дэвшил, гэр бүлийн дэмжлэг, эрэгтэй тамирчид давамгай спортод эмэгтэй хүн хэрхэн байр сууриа олдог тухай ярилцлаа.
-Та хоёрын амьдрал авто, мото спорттой хэрхэн холбогдож эхэлсэн бэ. Энэ замын эхлэл хаанаас тавигдсан бэ?
undefined
А.Анар: Манай гэр бүлийн амьдрал энэ спорттой салшгүй холбоотой. Аав маань олон жил авто, мото спортоор хичээллэсэн хүн учраас бид хоёр багаасаа л уралдааны орчинд өссөн. Би найман настайдаа, харин дүү маань зургаан настайдаа мотокроссын анхны гараандаа гарч байсан. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл энэ спорт бидний амьдралын салшгүй хэсэг болсон. Эргээд бодоход бид хоёр энэ спортод аль хэдийнэ 15 жилийг зориулжээ. Багадаа энэ бүхнийг тоглоом мэт л хүлээж авдаг байлаа. Харин нас нэмэх тусам авто, мото спорт зөвхөн хурдны тухай биш, сахилга бат, тэсвэр хатуужил, хариуцлага шаарддаг амьдралын минь нэг хэсэг гэдгийг ойлгосон.
-Мотокроссоос эхэлсэн замнал өнөөдрийн ралли, эндуро, бахагийн түвшинд хүрэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн гэж боддог вэ?
undefined
А.Алтжин: Бидний суурь спорт бол мотокросс. Анхнаасаа өөр төрлөөр биш, шууд мотокроссоор хичээллэж эхэлсэн. Одоо би эндуро, баха, раллигийн төрлүүдэд илүү төвлөрч байгаа. Энэ жилээс мотокроссын уралдаандаа ч эргэн оролцож эхэлсэн. Эдгээр төрлүүд хоорондоо ялгаатай ч үндсэн ур чадвар нь мотокроссоос бүрддэг. Мотоциклоо мэдрэх мэдрэмж, биеийн тэнцвэр, техник, саадыг зөв даван туулах арга барил гээд бүх зүйл тэндээс эхэлсэн.
А.Анар: Авто, мото спортын тамирчид мотокроссыг суурь сургууль гэж ярьдаг. Учир нь энэ төрлөөр дамжиж хамгийн чухал техникүүдийг эзэмшдэг. Өнөөдөр бид ралли, эндуро, бахагаар өрсөлдөж байгаа ч мотокроссоор олж авсан ур чадвар маань бүх уралдааны үндэс.
-Төрсөн эгч, дүү хоёр нэг спортоор, нэг зорилгын төлөө хамт явах ямар байдаг вэ. Бусдаас ялгарах онцлог мэдрэмжээсээ хуваалцаж болох уу?
А.Анар: Хамгийн том давуу тал нь бид хэзээ ч ганцаардахгүй. Тамирчин хүнд шантрах үе гардаг. Бэлтгэл бүтэхгүй байх, уралдаан санаснаар болохгүй өнгөрөх үе ч бий. Тийм мөчид хажууд чинь чамайг хамгийн сайн ойлгодог хүн байхад дахин босох илүү амар байдаг. Бид хоёрын нэг нь унасан үед нөгөө нь үргэлж дэмжиж өгдөг. Тийм болохоор "болих юм сан" гэсэн бодол удаан тогтдоггүй.
А.Алтжин: Манай спортын орчинд эмэгтэй тамирчин цөөн. Ихэнхдээ эрэгтэй тамирчидтай хамт бэлтгэл хийж, хамт өрсөлдөнө. Хэрэв би ганцаараа байсан бол энэ зам илүү хүнд байх байсан байх. Харин эгчтэйгээ хамт болохоор үргэлж түшигтэй санагддаг. Бие биенээ хамгийн сайн ойлгодог болохоор ямар ч нөхцөлд хамтдаа давж чаддаг. Өрсөлдөөн биднийг илүү хүчтэй баг болгосон гэж боддог.
-Авто, мото спортыг хүмүүс ихэвчлэн хурдны спорт гэж хардаг. Гэвч үнэн хэрэгтээ амжилтын цаана өдөр тутмын ямар хөдөлмөр, ямар бэлтгэл байдаг вэ?
А.Анар: Манай спортын хамгийн том онцлог нь зөвхөн өөрийгөө бэлдэх биш, техникээ ч бүрэн бэлдэх шаардлагатай байдаг. Нэг удаагийн бэлтгэл хийхийн тулд машин, мотоциклоо бүрэн шалгана. Хөдөлгүүр, явах эд анги, дугуй, тоормос, тос, түлш, сэлбэг хэрэгсэл гээд бүх зүйлээ урьдчилан бэлддэг. Дээрээс нь хамгаалалтын хувцас, дуулга, холбооны хэрэгсэл гээд маш олон зүйл бий. Заримдаа бэлтгэлээсээ илүү техникээ бэлдэхэд цаг зарцуулах үе ч гардаг. Өөр спорттой харьцуулахад ялгаа нь тодорхой. Жишээлбэл, сагсан бөмбөгчин хүн пүүз, бөмбөгөө аваад заал руугаа ордог бол бид эхлээд техникээ уралдахад бэлэн эсэхийг баталгаажуулах ёстой. Тийм болохоор авто, мото спорт бол тамирчин, инженер, механик гурвын ажлыг нэгэн зэрэг шаарддаг спорт гэж би боддог.
А.Алтжин: Олон хүн уралдааныг л хардаг болохоос түүний цаана байгаа бэлтгэлийг тэр бүр төсөөлдөггүй. Гэтэл амжилтыг шийддэг зүйл нь яг тэр өдөр тутмын хөдөлмөр байдаг. Зуны улиралд бид долоо хоногт дор хаяж гурав, дөрвөн удаа талбайн бэлтгэл хийдэг. Харин өвлийн улиралд заалны бэлтгэлдээ түлхүү төвлөрнө. Жим, кроссфит, тэсвэр хатуужлын дасгалууд тогтмол хийнэ. Биеийн хүч, тэнцвэр, хурд, амьсгалын бэлтгэл бүгд зэрэг хөгжих шаардлагатай. Харин дулааны улиралд хамгийн чухал нь техниктэйгээ байнга ажиллах. Маш сайн биеийн бэлтгэлтэй байсан ч техникээ мэдрэхгүй бол уралдаанд давуу тал болж чаддаггүй.
-Монголын авто, мото спортын ертөнцөд эрэгтэй тамирчид зонхилдог. Ийм орчинд эмэгтэй тамирчин байх нь ямар санагддаг вэ?
А.Анар: Өрсөлдөөн маш ширүүн. Гэхдээ нэг зүйл надад таалагддаг. Энэ спортод гараан дээр эрэгтэй, эмэгтэй гэж ялгадаггүй. Хэн ч чамайг өрөвдөхгүй, бас хөнгөлөхгүй. Бүгд ижил нөхцөлд өрсөлдөнө. Энэ нь эхэндээ хэцүү санагдаж болох ч ур чадвараараа үнэлэгдэх хамгийн шударга орчин гэж боддог.
-Эрэгтэй шилдэг тамирчидтай тогтмол өрсөлдөх нь өөрсдийгөө хөгжүүлэхэд хэрхэн нөлөөлсөн бэ?
А.Алтжин: Манай эрэгтэй тамирчид биднийг хэзээ ч дутуу үнэлж байгаагүй. Харин ч хүчтэй өрсөлдөгч гэж хардаг болохоор өөрсдөө ч маш сайн бэлтгэл хийдэг. Тиймээс бид ч гэсэн тэдэнтэй эн зэрэгцэхийн тулд улам их хөдөлмөрлөхөөс өөр сонголтгүй. Энэ өрсөлдөөн биднийг байнга хөгжүүлдэг. Гараан дээр хүйс биш, зөвхөн ур чадвар л өрсөлддөг.
-Сүүлийн жилүүдэд та хоёр раллигийн төрөлд нэг баг болж уралдаж байна. Жолооч, ко-драйверын харилцаа амжилтыг хэр хэмжээнд тодорхойлдог вэ?
А.Алтжин: Раллигийн төрөлд бид SSV буюу UTV ангиллын машинаар өрсөлддөг. Эгч маань үндсэн жолооч. Харин би ко-драйверын үүргийг гүйцэтгэдэг. Хүмүүс ко-драйверыг зүгээр л газрын зураг уншдаг хүн гэж ойлгох нь бий. Үнэндээ энэ бол секунд бүр шийдвэр гаргадаг маш өндөр хариуцлагатай ажил. Би замын тэмдэглэлээ тасралтгүй уншиж, жолоочдоо урьдчилан мэдээлэл өгнө. "200 метрийн дараа огцом баруун эргэлт, зүүн талд жалга бий, дараагийн эргэлтийг өндөр хурдтай давж болно”. Ийм мэдээллийг нэг секунд ч алдалгүй зөв цагт нь хэлэх ёстой. Хэрэв мэдээлэл хоцорвол жолоочийн шийдвэр гаргах хугацаа багасаж, алдаа гарах эрсдэл нэмэгддэг.
-Ралли бол хоёр хүний итгэлцэл дээр тогтдог спорт гэж ярьдаг. Та хоёрын хувьд тэр ойлголцол хэрхэн бүрэлдэж байна вэ?
А.Анар: Үнэнийг хэлэхэд эхэндээ маргалдах үе олон байсан. Бид төрсөн эгч, дүү болохоор нэгнийхээ занг хамгийн сайн мэддэг. Заримдаа энэ нь давуу тал болдог ч зарим үед эсрэгээрээ нөлөөлөх нь бий. Гэхдээ нэг баг болоод хоёр дахь жилдээ уралдаж байгаа болохоор одоо бие биенээ илүү сайн ойлгодог болсон. Өмнө нь би зөвхөн машинаа жолоодохдоо төвлөрдөг байсан бол одоо ко-драйверын ажлын үнэ цэнийг илүү сайн ойлгодог болсон. Зам дээр би урдах замаа хараад явдаг. Харин миний харж чадахгүй бүхнийг ко-драйвер харж байдаг. Тиймээс миний хувьд машиныг зөв замаар, аюулгүй авч явах хамгийн чухал хүн бол Алтжин. Би дүүдээ бүрэн итгэдэг. Ралли бол хоёр хүн биш, нэг сэтгэлгээгээр уралддаг спорт юм байна гэдгийг бид сүүлийн жилүүдэд улам илүү мэдэрч байна.
-Саяхан болсон "Мастер Ралли" олон нийтийн анхаарлыг ихээр татсан. Энэ уралдаан та хоёрын хувьд ямар сорилт, ямар сургамж үлдээв?
А.Алтжин: Би 2021 оноос раллигийн төрөлд өрсөлдөж эхэлсэн. Түүнээс хойш олон тэмцээнд оролцсон ч энэ удаагийн "Мастер Ралли" миний хувьд хамгийн хүнд уралдаануудын нэг байлаа. Дөрвөн өдөр үргэлжилсэн тэмцээний турш цаг агаар, замын нөхцөл, техникийн найдвартай байдал гээд бүх зүйл тамирчнаас төдийгүй багийн ажиллагаанаас өндөр түвшний бэлтгэл шаардсан. Тэр үеэр манай ангиллын нэг баг эвдэрсэн машинаараа гурван дугуйтай барианд орсон дүрс бичлэг олон нийтийн анхаарлыг татсан. Гэхдээ үнэндээ тэр тэмцээний ард камерын өмнө үлдээгүй, хүмүүсийн хараагүй маш олон хүнд мөч байсан.
- Танай баг ч мөн техникийн томоохон асуудалтай нүүр тулсан гэсэн. Зам дээр яг юу болсон бэ?
А.Анар: Гурав дахь өдрийн тусгай зам эхлэхэд бүх зүйл хэвийн байсан. Гэтэл тодорхой хугацааны дараа машины тоормосны ажиллагаа эрс муудаж эхэлсэн. Эхэндээ багахан доголдол мэт санагдсан ч удалгүй бүрэн ажиллагаагүй болсон. Тэр өдөр биднийг нийтдээ 500 гаруй километрийн тусгай зам хүлээж байсан. Өөрөөр хэлбэл, бартаат зам, өндөр хурд, огцом эргэлттэй уралдааныг үндсэндээ тоормосгүйгээр үргэлжлүүлэх нөхцөл үүссэн гэсэн үг.
-Ийм нөхцөлд уралдаанаа үргэлжлүүлэх шийдвэр гаргах амаргүй байсан байх.
А.Алтжин: Шалгалтаар машины дөрвөн дугуйн тоормосны наклад бүрэн элэгдэж дууссан. Эхний 180 орчим километрийг туулсан ч түүнээс цааш тоормос бараг ажиллахаа больсон. Тэр мөчөөс эхлээд бид зөвхөн машины хурдыг зөв хуваарилах, хөдөлгүүрийн саатал ашиглах, замаа урьдчилан тооцоолж уралдаанаа үргэлжлүүлсэн. Дундын бариа хүртэлх зам үнэхээр урт санагдсан. Хурд биш, алдаа гаргахгүй байх нь хамгийн чухал.
-Тэр үед хамгийн их тулгамдсан зүйл юу байсан бэ. Замын дундах сервисийн цэг дээр асуудлаа шийдвэрлэж чадсан уу?
А.Анар: Раллид хамгийн аймшигтай зүйл бол айдас биш. Харин айдсаа даван гарахдаа буруу шийдвэр гаргах. Тоормосгүй үед огцом эргэлт бүрийг хэдэн зуун метрийн өмнөөс төлөвлөж эхэлдэг. Хэзээ хурдаа сааруулах, ямар өнцгөөр эргэх, хаана машинаа тогтоох вэ гэдэг бүх тооцооллыг урьдчилан хийх шаардлагатай болдог. Энгийн үед автоматаар хийдэг үйлдэл бүрийг тэр өдөр ухамсартайгаар бодож гүйцэтгэж байсан. Тиймээс зөвхөн биеийн бус, сэтгэлзүйн хувьд ч асар их ачаалал ирдэг юм байна гэдгийг мэдэрсэн.
Дундын сервис дээр бусад тамирчидтай таарсан. Ах нар маань байгаа нөөц сэлбэгээрээ аль болох засаж өгсөн. Гэхдээ тэр нь бүрэн засвар биш байсан. Үлдсэн хоёр зуу гаруй километрийг мөн л бүрэн ажиллагаатай тоормосгүй шахуу туулсан. Тэр үед өрсөлдөөнөөс илүү барианд аюулгүй хүрэх нь хамгийн чухал зорилго болсон байсан.
undefined
-Ийм нөхцөл байдал тамирчны сэтгэлзүйг хэр өөрчилдөг вэ. Ихэнх хүмүүс медаль, амжилтыг л хардаг. Харин ийм хүнд сорилтын дараа хамгийн том олз нь юу байсан бэ?
А.Алтжин: Тэр уралдаанаас хойш би машиныг огт өөрөөр ойлгодог болсон. Өмнө нь техникийн асуудлыг ихэвчлэн ах нар шийдчихдэг байсан болохоор бид зөвхөн уралдаандаа төвлөрдөг байлаа. Харин энэ удаагийн тэмцээнээс хойш машины дуу чимээ хүртэл өөрөөр сонсогддог болсон. Ямар авиа ямар эвдрэлийн шинж вэ, аль эд анги ямар үүрэгтэй вэ, зам дээр ямар эвдрэл өөрсдөө засаж болох вэ гэдгийг бодитоор сурсан.
А.Анар: Тэр тэмцээнээс авсан хамгийн том сургамж бол амжилтыг зөвхөн хурд шийддэггүй гэдэг ойлголт байсан. Техникээ төгс бэлдэх хэрэгтэй. Өөрийгөө төгс бэлдэх хэрэгтэй. Харин хамгийн чухал нь ямар ч нөхцөлд тайван байх хэрэгтэй. Ралли хэдэн өдөр үргэлжилдэг спорт. Зам дээр юу ч тохиолдож болно. Машин эвдэрч болно. Замаасаа төөрч болно. Цаг агаар өөрчлөгдөж болно. Ийм үед сандарсан хүн хамгийн түрүүнд алддаг. Тайван байж чадсан хүн л зөв шийдвэр гаргаж, уралдаанаа үргэлжлүүлэх боломжтой байдаг. Тэр үнэнийг бид "Мастер Ралли"-гийн зам дээр хамгийн тод мэдэрсэн.
"Зам дээр хамгийн их итгэдэг хүн бол миний дүү"
Ралли бол зөвхөн хурдны уралдаан биш. Энэ бол хоёр хүний итгэлцэл, нэгэн зэрэг гаргах олон зуун шийдвэрийн нийлбэр юм. Жолооч урдаа байгаа замыг хардаг бол ко-драйвер хараахан ирээгүй замыг "харж", түүнийг үгээр дүрслэн жолоочдоо хүргэдэг.
Алдаа гаргах эрх бараг үгүй. Ко-драйверийн нэг замын зааварын хоцролт, буруу зааварчилгаа хэдэн сарын хөдөлмөрийг үгүй хийх эрсдэлтэй.
-Раллигийн зам дээр хамгийн удаан, хамгийн хүнд өдөр тань хэзээ байсан бэ?
А.Анар: Раллигийн нэг өдрийн тусгай зам дунджаар 500 гаруй километр байдаг. Зарим өдөр үүнээс ч урт үргэлжилнэ. Миний хувьд хамгийн хүнд өдөр бол 700 орчим километрийн маршрутаар явах ёстой байсан уралдаан. Гэтэл замаа алдсан. Нэг буруу шийдвэр дараагийн хэд хэдэн сонголтод нөлөөлж, эцэст нь бид нийтдээ бараг 900 километр туулсны дараа барианд орсон. Өглөөнөөс орой хүртэл бараг бүтэн өдөр жолооны ард суусан гэсэн үг. Тэр үед ядаргаа зөвхөн бие дээр биш, сэтгэлзүйд хамгийн хүчтэй мэдрэгддэг. Гэхдээ ийм туршлагууд дараагийн уралдаанд илүү тайван байхад тусалдаг.
- Алтжин, таны хувьд хамгийн том сорилт болсон уралдаан аль нь байсан бэ?
А.Алтжин: Өнгөрсөн жил эгчтэйгээ хамт долоон өдрийн олон улсын раллид оролцсон. Нийтдээ 4600 гаруй километр зам туулсан. Хүмүүс ийм тоог сонсоод ихэвчлэн энгийн замаар явсан мэт төсөөлдөг. Гэтэл раллигийн онцлог нь ердийн замаар бус хээр тал, элс, чулуу, жалга, хуурай голын сайр, уулын хормой, хүмүүсийн тэр бүр явдаггүй маршрутаар явдаг. Тийм болохоор нэг километр бүр өөр өөр сорилттой.
-Ко-драйверын ажлыг гаднаас нь харахад энгийн мэт санагддаг. Үнэндээ хамгийн их ачаалал ирдэг мөч нь хэзээ вэ?
А.Алтжин: Ко-драйверын хамгийн чухал ажил бол жолоочоос түрүүлж "замыг харах". Би газрын зураг, роудбук, GPS-ийн тэмдэглэлээ байнга уншиж, дараагийн хэдэн зуун метрийн нөхцөл байдлыг секундын алдалгүй хэлж байх ёстой. "500 метрийн дараа огцом баруун, дараагийн хэсэгт жалга байгаа, хурд сааруул". Энэ бүгдийг жолоочоос өмнө мэдэж, эргэлт дээр ирсний дараа биш, ирэхээс нь өмнө хэлэх ёстой. Хэрэв мэдээлэл нэг секунд хоцорвол тэр секундийг нөхөх боломж байдаггүй. Тиймээс ко-драйверын хамгийн том өрсөлдөгч нь цаг хугацаа байдаг.
-Анар, ийм нөхцөлд жолоочийн хувьд хамгийн чухал зүйл юу байдаг вэ?
А.Анар: Би урдаа байгаа замыг л хардаг. Харин миний хараагүй бүхнийг ко-драйвер харж байдаг. Тиймээс жолооч хүн ко-драйвертаа эргэлздэг бол түрүүлэх боломжгүй. Нэг хүн шиг бодож, нэг хүн шиг шийдвэр гаргаж байж амжилт ирдэг. Миний хувьд зам дээр хамгийн их итгэдэг хүн бол миний дүү.
Аав Э.Амгалангийн хамт
Аав Э.Амгалангийн хамт
“Бидний хамгийн анхны дасгалжуулагч бол аав”
Тэдний спортын амьдралын тухай ярихад нэг хүний нэр дахин, дахин дурдагдана. Тэр бол аав. Авто, мото спортын олон жилийн туршлагатай тамирчин, дасгалжуулагч аав нь зөвхөн хүүхдүүддээ энэ спортыг заагаад зогсоогүй, хүнд үед нь түшиг болж иржээ.
-Аав тань өөрөө энэ спортоор хичээллэдэг хүн. Та хоёрт өгсөн хамгийн үнэ цэнтэй сургамж юу вэ?
А.Анар: Аавынхаа хэлсэн үгийг бид хоёр маш их сонсдог. "Яарч болохгүй, өөрсдийгөө хэт шахаж болохгүй, тайван уралд, бэлтгэлээ сайн хий”. Энэ хэдхэн үгний цаана олон жилийн туршлага байдаг. Өөрөө тамирчин хүн болохоор бидний юу мэдэрч байгааг хамгийн сайн ойлгодог. Заримдаа биднээс илүү биднийг уншчихсан байдаг.
А.Алтжин: Ямар ч нөхцөлд хамгийн түрүүнд санаанд ордог хүн бол аав. Бид хоёрт тулгарсан асуудлыг сонсоод шууд шийдэл хэлдэггүй. Эхлээд өөрсдөөр маань бодуулдаг. Дараа нь хамгийн зөв гарцыг хамт олдог. Тийм болохоор бидний хувьд аав зөвхөн дасгалжуулагч биш. Амьдралын хамгийн том багш.
- Арын албанд байдаг хүмүүсийн хөдөлмөрийг тамирчид их ярьдаг. Танай гэр бүлийн хувьд энэ амжилтын хамгийн том түшиг хэн бэ?
А.Анар: Мэдээж ээж. Хүмүүс ихэвчлэн уралдааныг л хардаг. Харин биднийг бэлтгэлээс орой ирэхэд халуун хоолтой угтаж байдаг хүн бол ээж. Тэмцээний өмнөх сэтгэлзүй, бэлтгэлийн үеийн бүх санаа зовнилыг хамгийн чимээгүй үүрдэг хүн ч бас ээж. Бид хоёрын амжилтын ард аав, ээж хоёрын хөдөлмөр хамгийн их бий. Тийм болохоор барианд орж ирэх бүрдээ хамгийн түрүүнд тэднийгээ боддог.
- Тамирчин хүний амжилтын ард алдаа, уналт, шантрал үргэлж дагалддаг. Та хоёрын хувьд бууж өгмөөр санагдсан мөч байсан уу?
А.Анар: Байлгүй яах вэ. Ялангуяа өсвөр насанд шатрах үе их байсан. Нэг удаа маш сайн бэлтгэл хийчихээд хүссэн амжилтаа гаргаж чадаагүй. Өөрөөсөө их зүйл хүлээж байсан болохоор тэр ялагдал маш хүнд туссан. Тэр үед "Энэ бүхнийг орхиё" гэж хүртэл бодож байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа нэг л зүйл бодогдсон. Би энд хүрэх гэж олон жил хөдөлмөрлөсөн. Нэг тэмцээний үр дүнгээр бүхнээ дүгнэх эрх надад байхгүй. Тэр бодол намайг дахин босгосон. Түүнээс хойш эхлүүлсэн зүйлээ заавал дуусгана гэсэн зарчимтай болсон. Одоо эргээд харахад хамгийн их сургамж авсан зүйл яг тэр хүнд үеүүд байсан юм билээ.
-Гарааны өмнөх хэдхэн минут тамирчин хүний хувьд бүх мэдрэмж мэдрэгдсэн хамгийн онцгой мөч байдаг. Та хоёр яг тэр үед юу мэдэрдэг вэ?
А.Анар: Адреналин маш хүчтэй ялгардаг. Зүрхний цохилт хүртэл өөрчлөгдөнө. Хэдэн сар бэлтгэсэн бүх зүйл хэдхэн секундын дараа эхлэх гэж байгаа болохоор бүх анхаарал зөвхөн уралдаандаа төвлөрдөг. Харин гараанаас гарахад өөр зүйл бодох зав гардаггүй. Тоос босно. Хөдөлгөөн эхэлнэ. Тэр мөчөөс эхлээд зөвхөн зам, техник, өрсөлдөгч гурав л үлддэг. Барианд орж ирэхэд хамгийн түрүүнд "За, ашгүй" гэсэн бодол төрдөг. Амжилт гэдэг дараа нь бодогддог зүйл. Эхлээд бариандаа аюулгүй хүрсэндээ л баярладаг.
-Алтжин, таны хувьд гарааны өмнөх хамгийн чухал бэлтгэл юу вэ?
А.Алтжин: Би өөрийгөө аль болох тайван байлгахыг хичээдэг. Заримдаа дуртай дуугаа сонсоно. Заримдаа юу ч сонсохгүй чимээгүй суудаг. Харин гарааны өмнө өөртөө үргэлж нэг өгүүлбэр хэлдэг. "Бүхнээ дайчил. Дараа нь харамсах зүйлгүй барианд ор”. Хэрэв үнэхээр бүх хүчээ зориулсан бол ямар ч үр дүн гарсан би өөрийгөө буруутгадаггүй.
“Өмнө нь биднийг гайхдаг байсан бол одоо биднийг дэмждэг болсон"
-Эмэгтэй хүн авто, мото спортоор хичээллэх тухай нийгмийн ойлголт хэр өөрчлөгдөж байна гэж та хоёр боддог вэ?
А.Алтжин: Биднийг бага байхад хүмүүс их гайхдаг байсан. "Эмэгтэй хүүхэд байж ийм хүнд спорт яах юм, өөр сонирхолтой зүйл хийж болохгүй байсан юм уу”. Ийм үг олон сонсдог байлаа. Зарим нь бүр "Чи чадахгүй" гэж шууд хэлдэг байсан. Бага байхад тэр үгс эмзэг тусдаг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүсийн хандлага их өөрчлөгдсөн. Одоо бол эсрэгээрээ илүү олон хүн биднийг дэмждэг болсон.
А.Анар: Хамгийн сайхан нь хүмүүс биднийг эмэгтэй тамирчин гэж биш, сайн өрсөлдөгч гэж хардаг болсон. "Та нараар бахархаж байна”. Ийм үгийг сонсох бүрд илүү их хариуцлага мэдэрдэг. Хүн бүрийг баярлуулах боломжгүй. Гэхдээ биднийг дэмждэг хүмүүсийн итгэлийг алдахгүй байхыг хүсдэг.
-Олон жил хуримтлуулсан туршлага, хөдөлмөрийн дараа өнөөдөр та хоёрын өмнө ямар оргил зорилго байна вэ?
А.Анар: Бид хоёрын хамгийн том зорилго бол "Дакар Ралли". Энэ бол дэлхийн авто, мото спортын хамгийн нэр хүндтэй, хамгийн хүнд тэмцээн. Тэнд зөвхөн оролцох бус, Монгол Улсынхаа нэрийг гаргахыг хүсдэг.
А.Алтжин: Хүмүүс ихэвчлэн "мөрөөдөл" гэж хэлдэг. Харин бидний хувьд энэ бол мөрөөдөл биш. Зорилго. Зорилго учраас өдөр бүр түүндээ ойртохыг хүсдэг. Бидэнд нас байна. Цаг хугацаа байна. Хөдөлмөрлөх хүсэл байна. Тиймээс хүрч чадна гэдэгтээ итгэдэг. Монголын эмэгтэй тамирчид дэлхийн хамгийн том раллид амжилттай өрсөлдөж чаддаг гэдгийг харуулахыг хүсдэг.
-Энэ хүртэл та хоёртоо хамт байсан хүмүүстээ хандаж юу хэлэх вэ?
А.Анар: Юуны өмнө энэ спортод анхны алхмыг маань хийлгэсэн аавдаа баярлалаа. Өнөөдөр бид ямар ч амжилт гаргасан бай, тэр бүхний эхлэл аавын маань итгэл байсан. Мөн гэр бүлийнхээ ар талыг үргэлж бат бөх авч явдаг ээждээ баярлалаа. Биднийг дэмждэг ивээн тэтгэгчид, багийнхан, найз нөхөд, хөгжөөн дэмжигчиддээ чин сэтгэлээсээ талархаж байна.
А.Алтжин: Тамирчин хүн ганцаараа амжилтад хүрдэггүй. Ар талд нь үргэлж гэр бүл, дасгалжуулагч, баг, дэмждэг хүмүүс байдаг. Бид хоёрын хувьд хамгийн том хүч бол аав, ээж хоёр. Тэмцээнээс ядарч ирэхэд халуун хоолтой угтаж, бэлтгэлийн төлөвлөгөөг хамт ярилцаж, үргэлж бидний талд зогсож ирсэн. Мөн биднийг таньдаг, таньдаггүй үл хамааран үргэлж урмын үг хэлдэг бүх хүнд баярлалаа. Заримдаа хүний хэлсэн ганцхан сайхан үг дараагийн алхмаа хийх хамгийн том хүч болдог юм байна.
Тоос манарсан зам, эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх бартаа, хэдэн мянган километрийн сорилт тэдний өмнө цаашид ч үргэлжилнэ. А.Анар, А.Алтжин нарын хувьд энэ зам зөвхөн хурдны төлөөх өрсөлдөөн биш. Энэ бол гэр бүлийн итгэл, олон жилийн хөдөлмөр, бие биедээ өгсөн амлалт, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргах зорилгын төлөөх аялал юм. Тэдний хэлсэн нэг өгүүлбэр энэ ярилцлагын утгыг хамгийн товчоор илэрхийлж байлаа.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн