Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажил алба, салбартаа гавьяа байгуулсан иргэддээ төрийн одон медалийг гурав хоног гардууллаа. Өчигдөр буюу шагналын гурав дахь өдрөө 10 гаруй УИХ-ын гишүүнд төрийн дээд одон, медаль гардуулав.
Тодруулбал, 10 гишүүнд гавьяат, 11 гишүүнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор нэг гишүүнийг шагнажээ. Гишүүдээс гадна Ерөнхий сайд асан хоёр хүнд гавьяат эдийн засагч, Элчин сайд асанд Сүхбаатарын одон хүртээжээ.
126 гишүүнтэй анхны парламент өчигдөр 10 гавьяаттай болов. Ингэснээр одоогийн парламент нэг Төрийн соёрхолт, нэг Хөдөлмөрийн баатар, 17 гавьяат гишүүнтэй болж байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн юм. Тэрээр 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртэж байжээ. Харин нэг Хөдөлмөрийн баатар нь АН-аас хангайн бүсээс сонгогдсон гишүүн Д.Жаргалсайхан юм. Тэрээр 2022 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж байжээ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга 1995 онд гавьяат тамирчин, 2019 он Б.Бейсен гавьяат эмч, 2019 Ж.Чинбүрэн гавьяат эмч, Ж.Галбадрах 2021 онд Монгол Улсын гавьяат багш, С.Одонтуяа гавьяат эдийн засагч, Ж.Бат-Эрдэнэ 2025 онд гавьяат тээвэрчин, П.Батчимэг 2025 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнуулж байжээ. Тэгвэл эдгээр гишүүд дээр нэмэгдээд өчигдөр 10 гишүүн гавьяат цолоор шагнуулсан юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат- Гавьяат хуульч
2. УИХ-ын дарга С.Бямбацогт- Гавьяат хуульч
3. Шадар сайд Т.Доржханд- Гавьяат эдийн засагч
4. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан- Гавьяат эмч
5. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан- Соёлын гавьяат зүтгэлтэн
6. УИХ-ын гишүүн Х.Болормаа -Үйлчилгээний гавьяат ажилтан
7. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин- Гавьяат хуульч
8. Сангийн сайд асан Б.Жавхлан- Гавьяат эдийн засагч
9. УИХ-ын гишүүн Х.Жангабыл- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
10. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир- Шинжлэх ухааны гавьяат ажилтан болсон юм.
Харин ихэнх гишүүнд нь Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор шагнагдсан байна.
Түүнчлэн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд сар бүр мөнгөн тусламж олгоно гэж заасан. Мөнгөн тусламжийн хэмжээг УИХ-аас Нэмэгдэл хэмжээг тогтоох тухай тогтоол батлан тогтоосон бөгөөд одоогийн байдлаар төрийн шагнал хүртсэн хүмүүс сар бүр 150-300 мянган төгрөгийн дэмжлэг авдаг байна. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар сар бүр 200, Төрийн соёрхолт, гавьяат цолтонд сар бүр 150 мянган төгрөгийн урамшуулал олгож байна.