Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Б.Оюунханд: Амьдралын буруу хэв маягаас болж зүрх судасны өвчлөлийн дундаж нас залуужиж байна

Б.Оюунханд: Амьдралын буруу хэв маягаас болж зүрх судасны өвчлөлийн дундаж нас залуужиж байна
Нийтэлсэн 2026 оны 7 сарын 7
Интермед IUHW эмнэлгийн Зүрх судас, Ангиографийн эмч, АУ-ны магистр, Дотрын ахлах зэргийн эмч Б.Оюунхандтай ярилцлаа.
-Даралт ихсэх өвчний эхэн үеийн шинж тэмдгүүд ямар байдаг вэ?
-Даралт ихсэх өвчин нь ихэнхдээ удаан хугацаанд ямар нэгэн зовиургүй явах боломжтой байдаг. Тиймээс олон улсад “чимээгүй эрсдэл” гэж нэрлэх нь бий. Зарим хүнд толгой өвдөх, хүзүү хөших, толгой эргэх, нүд бүрэлзэх зэрэг шинж илэрдэг бол олон хүн ямар ч зовиургүй явсаар зөвхөн даралтаа хэмжих үедээ л өндөр гарсныг мэддэг.  Иймээс 40-өөс дээш насны хүмүүс болон эрсдэлт хүчин зүйлтэй хүмүүс даралтаа тогтмол хянах хэрэгтэй.
-Даралт огцом ихэссэн үед гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Юуны өмнө сандрах хэрэггүй. Сандарснаар даралт улам нэмэгдэх тохиолдол байдаг. Тайван орчинд 5–10 минут амарч, даралтаа зөв аргаар дахин хэмжих хэрэгтэй. Хэрэв тогтмол хэрэглэдэг даралтын эмээ уугаагүй бол эмээ ууна. Харин даралт ихэссэнтэй хамт  цээжээр хүчтэй өвдөх, амьсгаадах, хэл яриа өөрчлөгдөх, гар хөл сулрах зэрэг шинж илэрвэл зөвхөн даралт ихэссэн гэж үзэхгүй. Ийм үед зүрхний шигдээс тархины харвалт зэрэг яаралтай тусламж шаардсан эмгэг байж болох учраас яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай.
-Даралт огцом ихэссэн үед ямар үйлдэл хийхээс зайлсхийх хэрэгтэй вэ?
-Хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол даралтыг аль болох хурдан буулгах гэж яарах явдал юм. Эмээ уусны дараа даралт буурахгүй байна гээд богино хугацаанд дахин дахин эм уух нь даралтыг огцом унагаж тархи, зүрх, бөөрний цусан хангамжинд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Мөн хүйтэн жин тавих, эсвэл  архи хэрэглэх зэрэг баталгаагүй ардын арга хэрэглэх зэргээс зайлсхийх хэрэгтэй. 
-Даралт ихсэхэд нөлөөлдөг гол шалтгаанууд юу вэ, ямар хүмүүс илүү өндөр эрсдэлтэйд тооцогддог вэ?
-Даралт ихсэхэд ганцхан шалтгаан байдаггүй. Насжилт, удамшил зэрэг өөрчлөх боломжгүй зүйлсээс гадна илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал, давс ихтэй хооллолт, тамхи, архины хэт хэрэглээ, чихрийн шижин, өөх тос ихсэх зэрэг өөрчлөх боломжтой эрсдэлт хүчин зүйлс голлон нөлөөлдөг.
quote photo
Зөвхөн эм уухаас гадна амьдралын хэв маягаа өөрчлөх нь эмчилгээний салшгүй хэсэг юм
-Цээжээр өвдөх үед ямар шинж тэмдгүүд хавсарвал шигдээсийн сэжигтэй гэж үзэж, яаралтай тусламж дуудах шаардлагатай вэ?
-Цээжний өвдөлт олон янзын шалтгаантай байдаг. Цээжний өвдөлт болгон зүрхний шигдээсийн өвдөлт гэсэн үг биш юм. Гэхдээ цээжний өвдөлт хүчтэй илрэн, амрахад намдахгүй байх, өвдөлт хүзүү, эрүү, шүд, мөр, зүүн гар руу дамжих амьсгаадах, хүйтэн хөлс гарах, дотор муухайрах, ухаан балартах зэрэг шинжтэй хавсарвал яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
Зүрхний гаралтай өвдөлтийн үед хүмүүс ихэвчлэн “цээж дараад байгаа юм шиг”, “нухаад байгаа юм шиг”, “дээш нь шахаад байгаа юм шиг” гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, үгээр тодорхойлоход хэцүү мэдрэмж байдаг.  Ийм өвдөлт гэнэт хүчтэй илэрч болно. Зарим тохиолдолд эхэндээ зөвхөн ачааллын үед мэдрэгдэж байснаа аажмаар улам хүчтэй болж, амрах үед ч үргэлжилдэг. Ийм өвдөлтийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй.
-Зүрхний шигдээс, тархины харвалтын гол эрсдэлт хүчин зүйлс юу вэ, эдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?
-Тархины харвалт болон Зүрхний шигдээсийн ихэнх эрсдэлт хүчин зүйл ижил байдаг. Хамгийн чухал нь өөрчлөх боломжтой эрсдэлт хүчин зүйлсээ хянах явдал юм.
Даралт ихсэх, чихрийн шижин, цусан дахь өөх тос ихсэх, тамхи татах, илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал зэрэг эрсдэлт хүчин зүйлээ тогтмол хянах нь хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэлт юм. Эрүүл хоололт, тогтмол дасгал хөдөлгөөн, тамхинаас татгалзах нь өвчнөөс сэргийлэхээс гадна эмчилгээний үр дүнг сайжруулдаг.
-Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах шаардлагатай вэ?
-Зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол өөрийнхөө эрсдэлт хүчин зүйлсээ эрт илрүүлж, тогтмол хянах юм.
Мөн 40-өөс дээш насны хүмүүс болон зүрх судасны эрсдэлт хүчин зүйлтэй хүмүүс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, даралт, цусан дах сахар, өөх тосны хэмжээгээ шалгуулж байх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөсний дагуу шинжилгээг хийлгэх нь өвчнийг эрт илрүүлэхэд ач холбогдолтой.
undefined
-Та бидэнд ангиографийн эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү. Стент тавиулж буй иргэдийн насжилт сүүлийн үед залуужиж байна гэх мэдээлэл бий
-Ангиографи буюу зүрхний титэм судасны оношилгоо нь зүрхийг тэжээдэг титэм судсыг тодосгогч бодисын тусламжтайгаар дүрслэн харж нарийсал, бөглөрөл байгаа эсэхийг үнэлдэг оношилгооны арга юм. Хэрэв оношлогооны явцад титэм судасны цусны урсгалыг сэргээх зорилгоор стент тавих шаардлагатай гэж үзвэл тухайн үед титэм судсан дотуурх эмчилгээг үргэлжлүүлэн хийх боломжтой.
Сүүлийн жилүүдэд бид өдөр тутмын эмнэлзүйн практикт титэм судасны өвчнөөр өвдөж буй хүмүүсийн нас харьцангуй залуужиж байгаа нь ажиглагдаж байна. Үүнд  даралт ихсэлт, чихрийн шижин, тамхи татах зэрэг өөрчлөгдөх боломжтой эрсдэлт хүчин зүйлс голлон нөлөөлж байна.
Стент буюу тэлэгч тавих нь тухайн судасны нарийсалт бөглөрөлт буй хэсгийн цусны урсгалыг сэргээдэг боловч өвчин үүсэх шалтгааныг бүрэн арилгадаггүй. Тиймээс стент тавиулсны дараа ч эмийн эмчилгээгээ үргэлжлүүлэн, амьдралын хэв маягаа өөрчлөх нь дахин хүндрэх эрсдэлээс сэргийлэхэд хамгийн чухал юм.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн