Монголын Засгийн газар Оюу толгойн гэрээг хийснээс хойш 17 жилийн дараа анх удаа зээлийн хүүгээ бууруулж, ногдол ашиг авах хугацааг 11 жилээр урагшлуулж энэ жилээс ногдол ашиг авах хэлэлцээрт хүрч чадлаа.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 30-аас эхэлсэн хоёр талын хэлэлцээрийн сүүлийн өдөр өчигдөр байсан бөгөөд талууд хэлэлцээрт хүрч, төслөө цааш үргэлжүүлэхээр болов.
Оюу толгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 10.5 хувь байсныг 7.9 хувь болгон бууруулна.
Зээлийн хүүг бууруулснаар Оюу толгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэх боломж бүрджээ. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой.