Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос маргааш 15.00 цагт наадмын зохион байгуулалттай холбоотой шийдвэрийг танилцуулах аж.Наадам зохион байгуулах комиссыг Шадар сайд ахалдаг бөгөөд Н.Номтойбаяр сайд энэ жилийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргаснаа маргааш олон нийтэд танилцуулах юм байна. Тухайлбал, бөхчүүдийн допингийн шинжилгээг тэр дор нь авах, сайд, УИХ-ын гишүүд, дарга нарт баяр наадмыг урилгаар үзүүлэхгүй, тасалбараа 100 хувь борлуулах гэх мэт шийдлийг дөрөвдүгээр сард болсон наадмын комиссын хурлаар ярьсан. Тэгвэл уг асуудлыг албан ёсоор шийдвэрлэсэн бөгөөд маргааш танилцуулах аж. Өнгөрсөн хугацаанд сайд, УИХ-ын гишүүд, дарга нар урилгаар наадам үздэг байсан бөгөөд энэ нь нийт тасалбарын 40 хувийг эзэлдэг байсан гэдгийг Шадар сайд Н.Номтойбаяр хэллээ. Харин энэ жилийн баяр наадмаар гаднын урилгатай төлөөлөгчид, Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдынхан урилгаар Үндэсний их баяр наадмыг үзнэ.