Open iToim app
Зочин | 5 мин уншина

271 дүгээр галт тэргэнд мэндэлсэн дөрөв дэх үеийн төмөр замчин Г.Ганзамыг онцолж байна

271 дүгээр галт тэргэнд мэндэлсэн дөрөв дэх үеийн төмөр замчин Г.Ганзамыг онцолж байна
Нийтэлсэн 2026 оны 6 сарын 30
Төмөр замын их сургуулийн вагоны мэргэжлийн багш, төмөр замын гэр бүлээс гаралтай, дөрөв дэх үеийн төмөр замчин Г.Ганзамтай ярилцлаа. Тэрээр зорчигчийн 271 дүгээр галт тэргэнд мэндэлсэн бөгөөд тухайн галт тэрэгний дарга түүнд "Ганзам" хэмээх нэрийг хайрласан юм. Г.Ганзам 2018–2022 онд Төмөр замын дээд сургуулийг вагоны инженер мэргэжлээр төгсөж, улмаар 2022–2025 онд Москва хотын Оросын тээврийн их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Өдгөө тэрээр эзэмшсэн мэдлэг, туршлагаа ирээдүйн төмөр замчдад сургаж, төрөлх сургуульдаа багшаар ажиллаж байна.
-Таныг вагонд мэндэлсэн гэж сонссон. Таны энэхүү түүхээр ярилцлагаа эхлүүлье?
-Вагонд төрсөн түүхээ аав, ээжээсээ сонсож байсан. Манайх Үнэгт зөрлөгт амьдардаг байсан. Тэндээс Зүүнхараа өртөө хүртэл хоёр зөрлөгийн буюу 25 орчим минутын зайтай. Намайг төрөх үеэр маш их цас орж, зудтай байсан болохоор машинаар явах ямар ч боломжгүй байсан гэсэн. Тиймээс эмч хамгийн найдвартай унаа бол галт тэрэг гээд ээжийг галт тэргээр авч явахаар болсон гэдэг. Ингээд эмчийн хамт галт тэргэнд сууж, Зүүнхараа руу явж байх замдаа вагонд төрсөн юм. Тэр үед галт тэрэгний даргаар Эрдэнэбилэг гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд "энэ хүүхдийн нэрийг би өгнө" гээд надад Ганзам гэдэг нэрийг өгсөн байдаг.
undefined
Намайг төрсний дараа хүмүүс вагонд төрсөн хүүхэд вагоноор үнэгүй зорчдог гэсэн яриа сонсон аав, ээжид маань хүүхдээ галт тэргээр явуулж байгаарай гэж их хэлдэг байсан гэсэн. Тийнхүү би 18 нас хүртлээ вагоноор үнэгүй зорчсон шүү. Харин 17 настайдаа Төмөр замын дээд сургуулийн оюутан болсон. Улаанбаатар төмөр замын оюутан, ажилтнууд жилдээ нэг удаа унтлагын вагоноор үнэгүй зорчих эрхтэй байдаг. Тэгэхээр ер нь насаараа л вагоноор үнэгүй явахаар байна даа (инээв)
-Танай гэр бүл хэдэн үеэрээ төмөр замын салбарт ажиллаж байгаа вэ?
-Манай аавыг Ганбат гэдэг. Улаанбаатар төмөр замын Хүүхдийн секторт олон жил ажилласан хүн. Харин өвөө Норовханд маань надтай адил вагоны инженер мэргэжилтэй. Тэрээр Зүүнхараагийн ачааны вагоны депод насаараа ажиллаж, засварчнаас ажлын гараагаа эхлээд орлогч дарга хүртэл дэвшин ажиллаад тэтгэвэртээ гарсан. Өвөөгийн аав Жамъяан нь Зүүнхараагийн мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би гэр бүлийнхээ дөрөв дэх үеийн төмөр замчин юм. Манай төрөл садан дунд ч төмөр замын салбарт ажилладаг олон хүн бий.
undefined
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Танаас гадна төмөр замын чиглэлээр ажилладаг хүн байгаа юу?
-Би дээрээ хоёр эгчтэй, айлын бага хүүхэд. Манай хоёр эгч хоёулаа төмөр замын салбараас өөр чиглэлээр ажилладаг. Манай гэр бүлээс аав бид хоёр л төмөр замын мэргэжлийг өвлөж, энэ салбарт ажиллаж байна.
-Төмөр замтай таны амьдрал анх хэрхэн холбогдож байсан бэ?
-Төрсөн цагаасаа л төмөр замтай холбогдсон доо. (инээв) Багаасаа л ирээдүйд төмөр замын мэргэжилтэй болно гэж боддог байсан. Манай гэр бүлийнхэн ч энэ сонголтыг үргэлж дэмжиж, төмөр замын чиглэлээр суралцахыг зөвлөдөг байлаа. ЭЕШ-аа өгсний дараа өөр сургууль, өөр мэргэжил огт бодолгүйгээр зөвхөн Төмөр замын дээд сургуульд бүртгүүлсэн. Вагоны инженер мэргэжлийг сонгож элсэн орсон. Үнэндээ төмөр замын салбарт ажиллах л ганц зорилготой байсан. Тийнхүү 4-р курстээ ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт материалаа өгч, тэнцээд магистрын тэтгэлэг авсан. Ингээд Москва хотын Оросын тээврийн их сургуульд гурван жил суралцаж, магистрын зэргээ хамгаалаад эх орондоо ирсэн.
undefined
Сургуулиа төгсөөд эргээд төрөлх сургуульдаа багшаар ажиллаж эхэлсэн. Оюутнуудад хичээл заахын зэрэгцээ өөрөө ч маш олон зүйл сурч, мэдэхгүй байсан зүйлсээ мэдэж, тасралтгүй хөгжиж байна. Ялангуяа оюутан залуусаасаа маш их эрч хүч авдаг. Оюутнуудынхаа хийж бүтээх хүсэл эрмэлзэл, шинэ зүйл сурах тэмүүллийг харахаар өөрөө ч улам илүү хичээх сэтгэл төрдөг.
-Бага насны дурсамжаас тань төмөр замтай холбоотой хамгийн тод үлдсэн зүйл юу вэ?
-Би Үнэгт зөрлөг дээр өссөн болохоор багаасаа л галт тэрэгтэй ойр байсан. Өдөр бүр галт тэрэгний чимээг сонсож, тэр нь миний амьдралын нэг хэсэг, сэтгэлд маань хоногшсон гэж хэлж болно. Төмөр зам гэдэг зөвхөн ажлын байр биш, ажилчдынхаа гэр бүл, ахуй амьдралыг бүхэлд нь дэмждэг онцлогтой. Ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургууль гээд нийгмийн олон асуудлыг шийдэж өгдөг.
Би төмөр замын цэцэрлэгт сурсан. Манай цэцэрлэг точикт байсан болохоор өдөр бүр галт тэрэг, төмөр замын ажилчдыг харж өссөн гэсэн үг. Эргэн тойронд байсан хүмүүс төмөр замын дүрэмт хувцастай, тэр орчин надад бага байхаас л дасал болсон. Тийм болохоор төмөр зам миний хувьд зүгээр нэг ажил биш, амьдралын минь салшгүй хэсэг. Миний амьдрал төмөр замтай үргэлж холбоотой байх болов уу гэж боддог.
undefined
-Өөр мэргэжил сонгох боломж байсан ч яагаад төмөр замын салбарыг сонгосон бэ. Таны сонгох болсон шалтгаан юу вэ?
-Манай Төмөр замын их сургууль 73 жилийн түүхтэй. 2025 онд Төмөр замын дээд сургууль байснаа магадлан итгэмжлэгдэж, Төмөр замын их сургууль болсон. Манай сургуулийн хамгийн том давуу тал бол онол, практикийг хослуулан сургалт явуулдагт оршдог. Оюутнууд лекцээр үзсэн мэдлэгээ семинарын хичээлээр бататгахаас гадна сургалтын полигон дээр бодитоор дадлагажих боломжтой. Мөн сургалтдаа VR болон орчин үеийн бусад дэвшилтэт технологийг ашиглаж байгаа нь оюутнуудад мэргэжлээ илүү бодитоор ойлгож, ур чадвараа хөгжүүлэхэд тус болдог.
Үүнээс гадна манай оюутнууд суралцах хугацаандаа үйлдвэрлэлийн дадлага хийхдээ цалин авдгаараа онцлогтой. Хамгийн чухал нь төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой байдаг нь манай сургуулийн бас нэг том давуу тал юм. Энэ жил манай сургууль найман мэргэжлээр элсэлт авч байна. Элсэхийг хүсэж байгаа сурагчид ЭЕШ-ын эхний хичээлдээ математик эсвэл физикийн аль нэгийг, хоёр дахь хичээлдээ нийгэм судлал эсвэл англи хэлний аль нэгийг сонгон өгснөөр манай сургуульд элсэх боломжтой. Мөн ЭЕШ-д өндөр оноо авсан элсэгчдэд зориулсан олон төрлийн тэтгэлэг, урамшуулал бий. Тиймээс ирээдүйгээ төмөр замын салбартай холбох хүсэлтэй, инженерийн чиглэлээр суралцах сонирхолтой залуусыг Төмөр замын их сургуулийг сонгон суралцахыг урьж байна.
undefined
-Энэ хүрээд ярилцлагаа өндөрлөе. Танд нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Миний хэлэх дуртай нэг үг бий. Тэр нь Монгол Улсыг монгол хүн л хөгжүүлнэ. Тийм болохоор эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах инженерүүдийг бэлтгэх нь маш чухал гэж боддог. Өнөөдөр Монгол Улсад инженерүүд, тэр дундаа төмөр замын инженерүүдийн хэрэгцээ нэмэгдэж байна.
Манай улсын төмөр замын сүлжээ жилээс жилд өргөжин тэлж, шинэ бүтээн байгуулалтууд эрчимтэй үргэлжилж байгаа. Цаашдаа Монгол Улс Ази, Европыг холбосон стратегийн ач холбогдолтой коридор болно гэдэгт итгэдэг. Ийм том хөгжлийн нэг хэсэг нь төмөр замын инженерүүд байх учраас энэ мэргэжил маань улам үнэ цэнтэй болж байна. Тиймээс би сонгосон мэргэжлээрээ их бахархдаг. Цаашид ч энэ салбартаа мэдлэг, чадвараараа хувь нэмрээ оруулж, сайн мэргэжилтнүүд бэлтгэхийн төлөө ажиллах болно.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн