Open iToim app
Спорт | 2 мин уншина

Алтан шаахайн төлөө өрсөлдөж буй Мбаппе, Хааланд хэсгийн аваргын төлөө өрсөлдөнө

Алтан шаахайн төлөө өрсөлдөж буй Мбаппе, Хааланд хэсгийн аваргын төлөө өрсөлдөнө
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны хамгийн онцлох тоглолтын нэг болох Франц Норвегийн тоглолт монгол цагаар зургаадугаар сарын 27-ны 03:00 цагаас АНУ-ын Бостон хотын Gillette Stadium цэнгэлдэхэд болно. Хоёр баг эхний хоёр тоглолтдоо дараалан ялалт байгуулж, зургаан оноотой байгаа. Энэ тоглолтын ялагч баг хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарах давуу эрхтэй болох юм.
Бүх нийтийн анхаарал Килиан Мбаппе болон Эрлинг Хааланд гэсэн дэлхийн шилдэг хоёр довтлогчийн өрсөлдөөнд төвлөрөөд байна. Тэд эхний хоёр тоглолтдоо тус бүр дөрвөн гоол оруулж, тэмцээний мэргэн буучийн жагсаалтын хоёрт  байгаа бөгөөд энэ тоглолт Алтан шаахайн төлөөх өрсөлдөөнд ч том нөлөө үзүүлэхээр байна.
Хэдийгээр хоёул довтлогч ч тоглолтын хэв маяг нь эрс ялгаатай. Хааланд торгуулийн талбайд байрлал сонголт, биеийн хүч, төгсгөлийн цохилтоороо дэлхийн шилдэгт тооцогддог бөгөөд өчүүхэн боломжийг ч гоол болгон хувиргах чадвартай. Харин Мбаппе хурд, дриблинг, жигүүрээс довтолгоо эхлүүлэх ур чадвар, оновчтой гоолын дамжуулалт өгдөг.
2020 оноос хойших Европын топ таван лигийн статистикаар Хааланд илүү олон гоол оруулсан бол Мбаппе багийнхандаа илүү олон оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлттэй. Мөн UEFA Champions League-ийн тоглолтуудад хоёулаа тогтвортой өндөр түвшний тоглолтоо харуулж ирсэн юм.
Шигшээ багийн хувьд Франц бүрэлдэхүүний өргөн сонголт, туршлагаараа давуу талтай. Мбаппе өмнө нь ДАШТ-ы аваргын төлөө шалгарч байсан бол Хааланд Норвегийг олон жилийн дараа дэлхийн аваргад амжилттай удирдан оролцуулж, багийнхаа гол найдвар болоод байна.
Франц бөмбөг эзэмшилтээр давамгайлах төлөвтэй ч Норвеги сөрөг довтолгоо, Хааландын гоолын мэдрэмжээр хариу барихыг зорих юм. Иймээс тоглолтын хувь заяаг хоёр супер од боломжоо хэрхэн ашиглах, мөн хамгаалалтын алдаа бага гаргах эсэх нь шийдэх магадлалтай.
Энэ тоглолт зөвхөн хэсгийн тэргүүн байрын төлөөх өрсөлдөөн биш. Дэлхийн хөлбөмбөгийн шинэ үеийг тодорхойлж буй хоёр супер одын ээлжит халз тулаан, мөн 2026 оны ДАШТ-ий хамгийн их хүлээлттэй тоглолтуудын нэг юм.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн